МОНГОЛ БАЗАЛЬТ ХК: АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА V САРЫН 14-23-НЫ ХООРОНД ЯВАГДАНА
“Монгол Базальт” нээлттэй хувьцаат компани болж нийт хувьцааны 30 хувийг тус бүр нь 380 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгохоор боллоо. Олон нийтэд 380 төгрөгөөр санал болгож байгаа ч бизнес үнэлгээгээр нэгж хувьцаа нь 639 төгрөг байсан байна. Ингэснээр хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаагаа бодит үнэ цэнээс 40.5 хувиар хямд санал болгож байгаа гэж тус компанийн захирал мэдээллээ.
Базальт чулуу олборлож, "Basaltwool" брэндийн дулаан, дуу чимээ тусгаарлах зориулалттай чулуун хөвөн үйлдвэрлэгч компани дотоодын хөрөнгийн зах зээлээс 6.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болж байна. Үүнээс 50 хувь буюу 3.2 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас татах юм. Хэдий тийм боловч нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцно гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 14-23-ны өдрүүдэд явагдана. Татан төвлөрүүлсэн 6.4 тэрбум төгрөгөөр тус компани 2018-2020 онд чулуун хөвөн үйлдвэрлэлийг боловсронгуй болгож, цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. “Монгол Базальт” компани сүүлийн жил гаруйн хугацаанд IPO гаргахаар бэлджээ.
“Монгол Базальт” компанийн захирал Л.Ариунболдын мэдээлснээр бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд компанид техник, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа ажээ. Тиймээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 39.3 хувийг чулуун хөвөнгийн үйлдвэрийн өргөтгөлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, өртөг буурч, үйлдвэрийн хүчин чадал 5-8 мянган тонноор нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
BloombergTV Mongolia
МХБ-н хувьцааны код: | MBW |
Санал болгож байгаа хувьцааны тоо: | 16,925,100 |
Нэгж хувьцааны үнэ: | 380 төгрөг |
Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: | 6,431,538,000 төгрөг |
Хөрөнгө босголтыг амжилттай болсонд тооцох хувь: | 100% |
Анхдагч захиалга авах хугацаа: | 2018/5/14 – 2018/5/23 |
Үнэт цаасны хувиарлалт: | Тун удахгүй зарлагдана |
Мөнгө байршуулах: | Арилжааны төлбөр тооцоо ХХК |
Үндсэн андеррайтер: | Бумбат Алтай ҮЦК |
Туслах андеррайтер: | Гаүли ҮЦК |
Стандарт Инвестмент ҮЦК |
2018-5-12 ны хагас сайн өдөр Олон нийтэд зориулсан үнэт цаасны танилцуулах арга хэмжээ Туушин зочид буудлын зааланд зохион байгуулагдахаар төлөвлөгөөтөй байна.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс харна уу.
Хураангуй танилцуулгыг эндээс харна уу.