ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.18-2021.10.22
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.75% | 3.16% |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.63% | 2.49% |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.13% | 2.00% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.03% |
5 | DBM’ 2023 | USD | 7.25% | 3.94% |
6 | MGMTGE' 2022 (Өүлэн) | USD | 9.75% | 6.43% |
7 | Mongol 2026 (Номад) | USD | 5.13% | 4.14% |
8 | MGMTGE' 2024 | USD | 8.85% | 9.53% |
9 | MMC' 2024 | USD | 9.25% | 14.54% |
10 | Mongol 2027 | USD | 3.50% | 4.19% |
11 | Mongol 2031 | USD | 4.45% | 4.90% |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500, Dow Jones Industrial Average, S&P MidCap 400 индексүүд нь бүх цаг үеийн хамгийн өндөр төвшиндээ хүрсэн байна. Dow Jones (DJIA) 1.08 хувь, S&P 500 индекс 1.64 хувь, Nasdaq Composite индекс 1.29 хувь, S&P MidCap 400 индекс 1.77 хувь, Russel 2000 индекс 1.13 хувиар тус тус өслөө. Шинжээчид энэхүү өсөлтийг компаниудын 3-р улирлын санхүүгийн тайлангийн ашгийн үзүүлэлтүүдтэй холбон тайлбарлаж байна. Үл хөдлөх хөрөнгө, нийтийн аж ахуй, эрүүл мэндийн салбарууд S&P 500 индексийг тэргүүллээ. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж сүүлийн 5 сарын дээд хэмжээндээ хүрэн 1.69 хувь дээр хаагдлаа.
- Шинжээчдийн таамгаар S&P 500 индексийн 3-р улирлын ашиг өмнөх оныхоос 33 хувиар өссөн байх төлөвтэй байна. Энэ нь 2-р улирлын өсөлтийн 89 хувиас мэдэгдэхүйц буурсан ч 2010 оноос хойших гурав дахь хамгийн хурдан өсөлт юм.
- Пүрэв гарагт Орон сууцны борлуулалт 1-р сараас хойших хамгийн дээд төвшиндээ хүрлээ. 9-р сард аж үйлдвэрийн үйлдвэрлэл 1.3 хувиар буурсан байна. Үүнийг шинжээчид Ida хар салхи болон нийлүүлэлтийн сүлжээний тасалдалтай холбон тайлбарлаж байна. Ажилгүйдлийн тоо хүлээлтээс илүү дүнгээр буурч цар тахлын үеийн хамгийн доод төвшинд хүрэв.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбогдуулан Төв банкнууд мөнгөний бодлогоо чангатгаж магадгүй гэсэн санаа зовнил байсан ч гэсэн компаниудын санхүүгийн тайлангийн ашгийн өсөлттэй холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бага зэргийн өсөлттэй байлаа. Европын STOXX Europe 600 индекс 0.53 хувиар өссөн, Германы Xetra DAX индекс 0.28 хувиар буурсан, Францын CAC 40 индекс 0.09 хувиар өссөн, Италийн FTSE MIB индекс 0.31 хувир өссөн бол ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.41 хувиар унасан байна. Төв банкнууд хүүг нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлтээс үүдэн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нэмэгджээ.
- ИБНВУ-ын инфляцийн өсөлт удааширсан боловч өндөр хэвээр байна. ИБНВУ инфляци 9-р сард удааширсан ч зорилтот төвшин болох 2 хувиас нэлээд дээгүүр 3.1 хувьд хүрсэн байна. Английн төв банкны ерөнхий эдийн засагч Huw Pill инфляцийг ирэх саруудад 5 хувьд хүрч магадгүй гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгджээ.
- Нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон коронавирусын халдвартай холбоотойгоор Европын бүсийн эдийн засгийн өсөлт 10-р сард 3 сар дараалан удааширчээ. Европын бүсийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 9-р сард 56.2 байсан бол 54.3 болж буурчээ. ИБНВУ-ын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) гэнэт өсөж, сүүлийн гурван сарын дээд цэгтээ хүрч 56.8-д хүрчээ.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бууралттай байлаа. Nikkei 225 индекс 0.91 хувь, TOPIX индекс 1.07 хувиар тус тус буурсан байна. Японы засгийн газар цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авна гэсэн хүлээлт болон газрын тосны үнийн өсөлт зэрэгтэй холбоотойгоор Иений ам.доллартой харьцах ханш сүүлийн 4 жилийн хамгийн доод төвшиндөө хүрч 113.9 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэрэг өсөж 0.09 хувьд хүрчээ.
- Ерөнхий сайд Fumio Kishida болон түүний баг хагас дамжуулагч, газрын ховор элемент зэрэг стратегийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компани (TSMC) саяхан саяхан Японд чипний үйлдвэрээ байгуулахаар бэлтгэж байгаагаа зарлалаа. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх багцын хүрээнд хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгээ мэдэгдээд TSMC-ийн үйлдвэрийг жишээ болгон дурдав.
- Экспортын өсөлт огцом удааширч, импортын хэмжээ найман сар дараалан өссөн байна. Японы Сангийн яамны урьдчилсан мэдээллээр тус улсын экспортын өсөлт 9-р сард өмнөх сарын 26.2 хувиас 13.0 хувь хүртэл буурчээ. Ган, коксжих нүүрс, технологийн экспорт сайн байсан бол хагас дамжуулагч болон нийлүүлэлтийн сүлжээний удаашралтай холбоотойгоор автомашин үйлдвэрлэгчдийн экспортын хэмжээ буурчээ. Импортын хэмжээ оны эхэн үеэс 38.6 хувь өссөн бол өмнөх сараас 44.7 хувь өссөн байна. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, эмийн эрэлт хэрэгцээ их нөлөөлжээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын Evergrande групп хойшлуулсан купоны төлбөрөө төлсний дараа хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.6 хувь, Shanghai Composite индекс 0.3 хувиар тус тус өслөө. Эрчим хүчний хомстол, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хязгаарласантай холбоотойгоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 3-р улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар бага өсөлт үзүүлсэн байна.
- БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар дэлхий нийтийн анхааралд байна. Учир нь БНХАУ-ын ДНБ-ий гуравны нэгийг үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар эзэлдэг бөгөөд шинжээчид бодлого боловсруулагчдын үл хөрөнгийн салбарт туслалцаа үзүүлэхгүй бол томоохон хямрал болох нь гарцаагүй хэмээн үзэж байна. Мөн олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зээлжих зэрэглэлийг бууруулаад байна.
- Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3849 болж 0.79 хувиар ам.долларын эсрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.00 хувиар хаагдсан байна.
Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19