2017 ОНД 21 УУРХАЙ ШИНЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЖЭЭ
2017 онд уул уурхайн салбарт олон уурхай шинээр нээгдсэн, салбарын түвшинд тодорхой өсөлт бий болсон дүр зураг харагдаж байна. Ялангуяа алтны салбарт дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олборлолтоо эхлүүлсэн нь дэвшилттэй алхам байлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр, өнгөрсөн жил шинээр 21 уурхай үйл ажиллагаа эхэлж, 1 баяжуулах үйлдвэр ашиглалтад оржээ. Үүнээс алтны шороон ордын 11, нүүрсний 1, үлдсэн 9 нь бусад төрлийн ашигт малтмалын уурхайнууд юм. Төв аймгийн Заамарын бүсэд гэхэд “Ар гоулд”, “Мондулаан трэйд”, “Нью Хаппи”, “Наран гоулд”, “Илт гоулд”, Баян суманд “Эрдэнийн цахирмаа тал”, Булган аймгийн Бүрэгхангай суманд “Хүслэмж”, Дашинчилэн суманд “Цагаан уулын магнит” ХХК, Дорнод аймгийн Баяндун суманд “Би Жи Эм Би”, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Ганбаттулга”, “Ди зэт энд ай” компаниуд тус тус уурхайгаа нээжээ.
Эдгээр уурхайн ТЭЗҮ батлагдсан тул хууль, журмын дагуу таван жил тутамдаа тодотгол хийж, уулын ажлын төлөвлөгөөгөө жил жилээр батлуулаад явах юм байна.
Шинээр уурхай ашиглалтад оруулж байгаа аж ахуйн нэгжүүд хэчнээн ажлын байр бий болгож, орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа нь дутахгүй чухал үзүүлэлт билээ. Эдгээр компани 20-100 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаагаас “Мондулаан трэйд”-ийн шинэ уурхай хамгийн олон ажилтантай. Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудаас “Мондулаан трэйд”, “Ар гоулд”, “Нью Хаппи” компани 2017 онд орон нутгийн засаг захиргаатай гэрээ байгуулан ажилчдынхаа 20-иос дээшгүй хувийг сумын иргэдээс хангах, сумын оёдлын цехээр ажлын хувцсаа оёулах, сүүн бүтээгдэхүүний хангалтаа сумаас хийх зэргээр хамтран ажилласан байна.
“Цагаан уулын магнит” ХХК-ийн хувьд Дашинчилэн сумын Доргонт багийн төвийг шинээр барих ажлыг санхүүжүүлж, бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн нь 2017 онд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудын нэг болжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд 70 гаруй хүнийг ажлын байраар хангаснаас 20 гаруй нь орон нутгийн иргэд аж. “Эрдэнийн цахирмаа тал” компани 2017 онд өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар Баян сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн сургалтын өрөө, чийрэгжүүлэлтийн танхимыг бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн нь мөн сум орон нутагт хийсэн дорвитой хөрөнгө оруулалт болсон байна.
Эх сурвалж: MongolianMiningJournal.com