2018 ОНД МОНГОЛБАНКНЫ ХУДАЛДАН АВСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ 10 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, 22 ТОННД ХҮРЭВ
Монголбанк 2018 онд 22 тонн алт худалдаж авсан гэж мэдээллээ. Энэ нь 2017 оны мөн үеэс 10 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна. Алтны татварыг хөнгөлсөн 2014 оноос хойш Монголбанканд тушаасан алтны хэмжээ тасралтгүй өссөөр 2017 онд 20 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрч байжээ.
Харин 2018 оны хувьд түүхэн дээд хэмжээг дахин 10 хувиар ахиулаад байгаа юм. Хэдий тийм боловч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч ирц бүрдээгүйгээс болж алтны 2.5 хувийн роялтиг таван жилээр сунгах хуулийн төслийг баталж амжаагүй байна. Ингэснээр алтны роялти 7-9 хувьд хүрэх тооцоотой байгаа гэж Монголбанк мэдээлж байсан юм. Монголбанк алт худалдан авалтаас гадаад валютын албан нөөцийг 750 сая орчим ам.доллароор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна. 2018 оны аравдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөцийн хэмжээ 3.4 тэрбум ам.доллар буюу сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрээд байгаа аж. Хэдий тийм боловч гадаад валютын албан нөөцийн хэмжээг дунд хугацаанд 6.5 тэрбум ам.доллар хүргэх зорилтыг 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ. Энэ хүрээнд алт худалдан авалтыг цаашид нэмэгдүүлэх бодлого барина гэж Төв банк мэдэгдсэн юм.
Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын байгууллагууд Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд эмзэг байдал оршсоор байгааг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтдээ онцоллоо. Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс алтыг Лондоны Үнэт металлын биржийн ханш буюу дэлхийн зах зээлийн ханшаар худалдан авч байгаа аж. Алтны спот ханш 1282 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа нь сүүлийн зургаан сарын дээд түвшин болж байна.
Эх сурвалж: BloombergTv.mn