АНУ НЬ ӨНДӨР ИНФЛЯЦЫН ТҮВШИНТЭЙ ТЭМЦЭЖ БАЙНА
Сүүлийн 40-н жилийн хамгийн өндөр инфляцыг бууруулах үүднээс АНУ-н төв банк өөрийн бодлогын хүүгээ шинжээчдийн таамаглаж байснаас өндрөөр буюу 0.75 нэгж хувиар өсгөж 1.75 хувьд хүргэлээ. Тус төв банкны нээлттэй зах зээлийн хороо цаашид бенчмарк хүүг өсгөх орон зай байгааг мөн онцлон тэмдэглэсэн байна. Сонирхолтой нь АНУ-н төв банк хамгийн сүүлд 1994 онд ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөж байжээ.
Шинжээчид АНУ-н төв банк хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөнө гэсэн хүлээлттэй байсан хэдий ч тус улсын хэрэглэгчдийн итгэлцлийн индекс бүх цаг үеийн доод түвшинд хүрсэн, инфляц 1981 оноос хойших рекорд үзүүлэлт болох 8.6 хувьд хүрсэн, дундаж газын ханш 5 ам.доллароос дээш гарсан зэрэг олон талт эдийн засгийн суурь үзүүлэлтүүд тааруу гарч байгаа нь дээрх шийдвэрт хүрсэн гэж таамаглаж байна.
Төв банкны тэргүүн Жером Пауэл дараагийн буюу ирэх 7 дугаар сарын уулзалтаар мөн хүүгээ өсгөх боломжтойг дурьдсан хэдий ч энэ уулзалтаар өсгөсөнтэй ижил 0.75 хувиар өсгөх нь нийтлэг биш гэж мэдэгдсэний дараа дараа S&P 500 индекс 1.5 хувиар, “Nasdaq” индекс 2.5 хувиар тус тус өсөж сүүлийн 5 хоногийн хугацаанд буураад байсан уналтыг түр намжаалаа. Мөн бондын зах зээлд хүчтэй хөдөлгөөн илрээгүй ба АНУ-н 10 жилийн хугацаатай бенммарк бондын өгөөж 3.3 хувь дээр арилжаалагдсан байна. Тус улсын бондын зах зээл 23 их наяд ам.доллароор үнэлэгддэг. Хөгжингүй орнууд дундаас зөвхөн АНУ инфляцтай тэмцэж байгаа биш ба бусад томоохон эдийн засагт мөн үнийн өсөлттэй нүүр тулгараад байгаа билээ.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19