"АПУ" ХК 33.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
Хөрөнгийн биржид бүртгэлтэй хүнсний салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох АПУ ХК энэ оны хагас жилийн байдлаар 201.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Харин ашигт ажиллагааны үзүүлэлтээр 33.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй хэлбэрээр танилцуулж байгаа бөгөөд өнөөдөр АПУ ХК тайлангаа тавьсан нь энэ юм.
АПУ ХК эдүгээ 11 компанийг нэгтгэж буй бөгөөд энд 2300 ажилтан ажиллаж байна. СББ ХК-ийн хувь нийлүүлэгч бөгөөд бусад 10 охин компанийг группийн зохион байгуулалтаар ажиллаж буй аж.
Эдгээр компаниуд нь сүү, сүүн бүтээгдэхүүн ус, ундаа, шүүс, архи, шар айраг гээд 218 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж буй бөгөөд улсын төсөвт 120 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлжээ.
АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “2018 онд нэгдсэн АПУ ХК-ийн хувьд нийт 218 нэр төрлийн 133,7 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 433,7 тэрбумын борлуулалт хийхээр төлөвлөөд байна. 95 жилийн туршлагатай АПУ ХК нь олон улсын зах зээлд компанийн бүтээгдэхүүнийг таниулах, дэлхийн брэнд үйлдвэрлэгчдийн арга туршлагыг нэвтрүүлэх зорилгоор дэлхийн шар айрагны зах зээлд тэргүүлэгчдийн нэг Хайнэкэн компанитай олон жилийн турш хэлэлцсэний үр дүнд Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэсэн. Экспортын хувьд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, БНСУ зэрэг орнууд руу бүтээгдэхүүнээ борлуулж байгаа” хэмээн онцлов.
АПУ ХК үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тэлэхээр авсан 100 гаруй сая ам.долларын өрийг 2019 оны дөрөвдүгээр сард барагдуулах байсан хэдий ч энэ оны наймдугаар сард 30 орчим тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулах юм байна. 2018 онд тус компанийн хамт олон зардал хэмнэлт бүтээмжийн өсөлт гэсэн уриатай ажиллаж буй бөгөөд үйл ажиллагааны ашиг нь нэг хувиар өссөн байна.
Эх сурвалж: Montsame.mn