БНХАУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХАМГИЙН ТААРУУ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ЗАХ ЗЭЭЛЭЭР НЭРЛЭГДЭВ
БНХАУ-ын хөрөнгийн зах зээл тааруу жилийг үдэж байна. Дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээлийн үнэлгээ “Худалдааны дайн”-ы нөлөөгөөр 2.3 их наяд ам.доллароор буураад байгаа аж.
Энэ нь 2002 оноос хойших хамгийн их алдагдалд тооцогдож байна. Үүний дотор тус улсын хөрөнгийн зах зээлийн гол индекс болох “Shanghai Composite” индекс сүүлийн нэг жилд 25 хувиар буурчээ.
Улмаар оны хамгийн тааруу үзүүлэлттэй Хөрөнгийн биржээр нэрлэгдэж байна. 10 жилийн өмнө дэлхийн санхүүгийн хямралын үеэр Шанхайн Хөрөнгийн биржийн индекс 65 хувиар буурч байсан юм. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын идэвх сүүлийн жилүүдэд байгаагүйгээр суларсан байна. Шанхай болон Шенжений Хөрөнгийн бирж дэх нэг өдрийн арилжааны дундаж дүн энэ онд 369 тэрбум юань буюу 54 тэрбум ам.доллар болж буурчээ. Энэ нь 2014 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болж байгаа аж.
Пүрэв гарагийн байдлаар 263.8 тэрбум юаниар хэмжигдэх хувьцаа арилжаалагдсан нь 2015 онд түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлтийн 10 хувьтай л тэнцэх дүн болсон байна.
Үүнээс гадна БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд шинээр IPO хийсэн компаниудын хувьцаа арилжаагаа эхлүүлсэн эхний сардаа дунджаар 193 хувиар өсчээ. Энэ нь тийм тааруу дүн биш ч сүүлийн таван жилийн доод түвшин төдийгүй хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад дөнгөж 50 хувьтай нь тэнцэх үзүүлэлт гэж шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: BloombergTv.mn