“COAL MONGOLIA-2018”-ЫН ҮЕЭР КОМПАНИУД 20 ТЭРБУМЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
“Coal Mongolia-2018” чуулга уулзалтын үеэр дотоодын уул уурхайн компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурцгаав.
Тэдгээрээс дурдвал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч “Хишиг арвин индaстриал” компани “АОДЭ” ХХК-иас 7 тэрбум төгрөгөөр техникийн шинэчлэл хийсэн бол “Илч майнинг”, “Асартайн говь” компаниуд мөн томоохон худалдан авалтыг тус тус хийхээр болж, гэрээнд гарын үсэг зурлаа. Өрөмдлөгийн салбарын гол төлөөлөгч болох “Элгэн” компани “Эпирок” ХХК-иас 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий өрөм худалдан авч, хүчин чадлаа өргөтгөж байгаагаа зарлав. “Элгэн” ХХК ЖОРК стандартаар өрөмдлөг хийдэг, Монголоос гадна Африк, Азийн орнуудад ч үйл ажиллагаагаа тэлж байгаа бол “АОДЭ” нь уул уурхайн олборлолт, хөрс хуулалтын компаниудад БНХАУ-д үйлдвэрлэсэн, дэвшилтэт техник технологи болон хүнд машин механизм нийлүүлдэг байна. Мөн Улаанбаатар, Дархан хот, Өмнөговь аймагт засвар үйлчилгээний төвтэй аж. Нэр дурдсан дотоодын компаниуд парк шинэчлэлт хийхдээ бага зардлаар өндөр бүтээмж гаргах технологийг сонгон худалдан авч байна. УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “АОДЭ” ХХК-ийн захирал Д.Боргил, “Гложекс” компанийн захирал Л.Наранбаатар нар гарын үсэг зурах ёслолд оролцсон бөгөөд дээрх гурван гэрээний нийт үнийн дүн 11.4 тэрбум төгрөг болж байна. Дараа нь “Нисээч интернэйшнл”, “”Их шижир баялаг “ компаниуд 4.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий хүнд даацын машин, ачигч, экскаватор нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Эдгээр гэрээний нийт үнийн дүн 20 тэрбум төгрөг болж байна.
Эх сурвалж: Montsame.mn