Дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед АНУ-ын мөнгөний нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө
Гадаад худалдааны дайн эхэлж, дэлхийн эдийн засаг асар их савлагаатай байсан 4-р сард АНУ-ын мөнгөний нийлүүлэлт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.
Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) мэдээлснээр 2025 оны 4-р сард АНУ-ын М2 мөнгөний нийлүүлэлтийн түвшин өмнөх оны мөн үеэс 4.4 хувь өсөж, 21.9 их наяд ам.долларт хүрчээ.
2020-2021 оны хооронд коронавирусийн нөлөөллөөс шалтгаалан АНУ-ын эдийн засаг зогсонги байдалд орсон тул ХНС мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайн үед ХНС бодлогын хүүгээ 1.75 хувиас 0.25 хувь болтол буулгаж, 2022 оны 2-р сар хүртэл нэн доод түвшинд тогтвортой барьсан юм.
Мөн ХНС бодлогын хүүгээ бууруулахаас гадна зах зээлд мөнгө хэвлэж нийлүүлсэн ба АНУ-ын засгийн газраас мөнгөн тэтгэмж олгосон учраас мөнгөний нийлүүлэлт эрчимтэй тэлж, 2022 оны 4-р сард 21.7 их наяд ам.доллар хүрч байв.
Харин 2022 оны дунд үеэс эхлэн коронавирусийн нөлөөлөл арилж, эдийн засаг эрчимжсэнээр АНУ-ын инфляц хурдацтай өсөх болж, ХНС 2023 оны эцэс хүртэл мөнгөний хатуу бодлого руу буцаад шилжсэн.
Тус хугацаанаас хойш эдийн засаг, инфляц тогтворжиж, бодлогын хүү 2024 оны хагасаас эхлэн алгуур буурснаар мөнгөний нийлүүлэлт ийнхүү түүхэн дээд хэмжээгээ эвджээ.
Одоогоор тарифын нөлөөллөөс шалтгаалан АНУ-ын эдийн засагт бараа бүтээгдэхүүний өртөг өсөж, нийлүүлэлтийн инфляц үүсэх эрсдэл бий болсон тул бодлогын хүү өсөх нөхцөл бүрдсэн.
Гэвч нөгөө талаас нь авч үзвэл бодлогын хүүг өсгөснөөр мөнгөний нийлүүлэлт буурч, эдийн засгийн эргэлт удаашрах тул үйлдвэрлэл улам хумигдах аюултай.
Уг нөхцөлд ерөнхийлөгч Дональд Трамп бодлогын хүүг бууруулахыг ХНС-аас удаа дараалан шаардсан хэдий ч ХНС-ийн ерөнхийлөгч Жером Пауэлл эдийн засгийн орчин тун тодорхойгүй байгаа учир бодлогын хүүг бууруулахад яарахгүй байгаа талаар хэлсээр буй.
Шинжээчид эдгээр мэдээлэл болон олон улс дахь тарифын хэлцлийн ахицыг харгалзан бодлогын хүүг ойрын хугацаанд буурна гэж үзэхгүй байгаа тул АНУ-ын мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь цаашид удаашрах төлөвтэй байна.
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19
+976 7010-0261