ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ ХХК: ДАВАА ГАРАГТ ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРСНИЙ 1143 АВТОМАШИН ГАРЛАА
2018 оны эхний гурван улиралд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор Монголоос БНХАУ руу 13.3 сая орчим тонн коксжих нүүрс гаргасан талаар “Sxcoal.com” мэдээллээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэн гарах автомашины тоо есдүгээр сараас хойш нэмэгдэж, хамгийн сүүлд даваа гарагийн байдлаар 1143 автомашин гарсан талаар “Гашуунсухайт авто зам” ХХК мэдээллээ. Монгол Улсын хувьд оны эхний есөн сард 27 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс зургаан хувиар өссөн дүн болж байна. Мөн нэг тонн нүүрсний дундаж ханш 16 хувиар өсөж, 78.5 ам.доллар болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж Сангийн яам 2019 оны төсвийн төсөлдөө тусгасан байна. Гаалийн хяналтын шинэчлэлийг хийснээр экспортоо нэмэх боломжтой гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үзэж байгаа юм. Одоогоор зургаан боомтын нэвтрэх чадвар, хяналтыг сайжруулж байгаа ажээ.
Эх сурвалж: BloombergTv.mn