{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.26 - 2022.09.30

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.26 - 2022.09.30


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монголбанк мөнгөний хумих бодлого баримталж байгаатай холбоотойгоор Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,024.26 нэгжид хүрч, 0.66%-ийн бууралттай хаагдлаа.
  2. Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн "FTSE Russell" группээс 2022 оны 9-р сарын 29-ний өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүлжээ. Уг албан тоотод Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг "FTSE Russell"-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн байна.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 1.77%-иар суларч, 1 ам.доллар 3,344.09 төгрөгтэй тэнцсэн. БНХАУ-ын юанийн эсрэг 1.93%-иар суларч, 1 юань 471.29 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Их Британийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) бодлогын хүүгээ дахин өсгөх төсөөлөлтэй байгаагийн нөлөөгөөр АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "S&P 500" индекс 2.91%-иар буурч 3,585.62 нэгжид хүрсэн нь 2020 оны 11-р сартай тэнцүү хэмжээнд очсон үзүүлэлт боллоо.
  2. Хувьцааны зах зээл Лхагва гарагт Английн төв банк Их Британийн урт хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасыг (ЗГҮЦ) худалдаж авна гэх мэдээлэл гарсны дараа савлагаа ихтэй болсон. Английн төв банк Их Британийн бондын зах зээлийг тогтвортой болгохын тулд ийнхүү интервенц хийгээд байна. 
  3. АНУ-ын орон сууцны салбарт ХНС-ийн бодлогын хүүгийн өсөлт шууд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Орон сууцны 30 жилийн хугацаатай зээлийн хүү ойролцоогоор 6.8% орчимд очиж өсөөд байгаа ч шинэ орон сууцны борлуулалт 8-р сард 29% орчмоор өсөж, сүүлийн 5 сарын дээд түвшиндээ очлоо.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаанууд эдийн засгийн хямралын эрсдэл болон компаниудын ашигт ажиллагаа төсөөлөлдөө хүрэхгүй байгаатай холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 0.65%, "France’s CAC 40" индекс 0.36%, "Italy’s FTSE MIB" индекс 1.98%, "Germany’s DAX" индекс 1.38%, "UK’s FTSE 100" индекс 1.78% тус тус уналттай хаагдлаа.
  2. Их Британиас татвар бууруулах, эрчим хүчний татаас олгох, их хэмжээний зээл олгохоо мэдэгдсэн нь Их Британийн ЗГҮЦ-ны өгөөжийг ихэсгээд байсан билээ. Үүний дараагаар бондын зах зээл савлагаа ихтэй болсон бөгөөд үүний эсрэг Лхагва гарагт Английн төв банк интервенц хийж ЗГҮЦ-ыг худалдан авахаа мэдэгдсэнээр бондын өгөөж тогтворжсон.
  3. Европын төв банкны ерөнхийлөгч 7 хоногт Европын парламентад эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрэглэгчдийн зардлыг бууруулж байгаа тул ойрын сард бизнесийн идэвхжил удаашралтай байх төлөвтэй байгааг дурдсан. Мөн үүнтэй холбоотойгоор 2022 оны 4-р улирал, 2023 оны 1-р улиралд эдийн засгийн өсөлт бууралттай байхаар байгааг мэдэгдсэн.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Nikkei 225" индекс 4.5%, "TOPIX' индекс 4.2% тус тус бууралттай хаагдсан. 
  2. Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон зээлийн хүүгийн өсөлтийн сөрөг нөлөөний улмаас дэлхийн эдийн засаг хямралд өртөнө гэх хүлээлт Япон улсын хувьцаанууд бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. 
  3. Японы төв банк мөнгөний бодлогын хурлаар бодлого боловсруулагчид 8 - 1 санал хураалтаар богино хугацаатай жишиг хүүг -0.1%-д барьж мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлахаар болсон билээ. Мөн 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 0%-д барихаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иен ам.долларын эсрэг 7 хоногт суларлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон юанийн ханшийн сулралтай холбоотойгоор БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite" индекс 2.1%, "CSI 300" индекс 1.4%-иар тус тус бууралттай хаагдлаа.
  2. 7 хоногт юань ам.долларын эсрэг суларч 1 ам.доллар 7.1159 юаньтай тэнцэн хаагдсан нь сүүлийн 2 жил гаруй хугацааны хамгийн доод харцаа боллоо. Ханшийн сулралын гол шалтгаан нь хөгжиж буй зах зээлийн валютуудын адил ХНС-аас мөнгөний хумих бодлого баримталж байгаа нь нөлөөлж байна. 
  3. "Caixin/Markit" үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 8-р сарын 49.5-аас 9-р сард 48.1 болж буурсан нь төсөөллөөс доогуур байлаа. PMI 50-аас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ