{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.06.19 - 2022.06.23

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.06.19 - 2022.06.23


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,366.14 нэгжид хүрч, 2.33%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 6-р сарын 23-ны өдөр хуралдлаа. Бодлого боловсруулагчид эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа. Монголбанк эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан Мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болохыг онцоллоо.
  3. 5-р сарын байдлаар Монгол улсын инфляцын түвшин 11.3% байна. Монголбанкны зорилтот инфляцын түвшин 6%-ийг (+,-2) харгалзан үзвэл Монголбанк 2023 он дуустал бодлогын хүүгээ бууруулахгүй байх төлөвтэй байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Сүүлийн 2 сарын хугацаанд 7 хоног тутамд өсөлттэй байсан технологийн NASDAQ Composite индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зах зээл уналттай байхад Холбооны нөөцийн сан 2023 оны эцэс гэхэд бодлогын хүүгээ дахин 2 удаа 0.25%-иар өсгөх хүлээлттэй байгаа нь гол нөлөөг үзүүллээ. Мөн Пүрэв гарагт Английн төв банк болон Норвегийн төв банк нар бодлогын хүүгээ өсгөсөн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. "Juneteenth" баярыг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл Даваа гарагт амарсан.
  2. Хөдөлмөрийн зах зээл нягт хэвээр байгааг Холбооны нөөцийн сан онцолсоор байгаа хэдий ч өнгөрөгч 7 хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 264,000-д хүрсэн нь 2021 оны 10-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
  3. АНУ-ын инфляцын түвшин 5-р сарын байдлаар 4.0% байгаа боловч суурь инфляцын түвшин 5.0%-иас өндөр байгаа билээ. Уг мэдээллээс дүгнэвэл АНУ-д инфляцын дарамт үргэлжилсээр байгааг харж болно. Бидний тооцооллоор Холбооны нөөцийн сан 7-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөх хүлээлттэй байна. Мөн бид Холбооны нөөцийн санг 2023 онд бодлогын хүүгээ бууруулахгүй гэж тооцоолж байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Цаашид үргэлжлэн өсөх төлөвтэй байгаа бодлогын хүү нь Их Британи болон Евро бүсийн эдийн засгийг хямралд хүргэж болзошгүй байгаа билээ. Уг хүлээлт нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар Евро бүсийн хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 2.4%, STOXX Europe 600 индекс 2.9%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Английн төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж хүүгийн түвшнийг 5.0%-д хүргэсэн нь 2008 оноос хойших хамгийн өндөр түвшин боллоо. Мөнгөний бодлогын хорооны гишүүд 7-2 саналаар бодлогын хүүг өсгөхийг дэмжсэн байна. Их Британийн 5-р сарын инфляцын түвшин 8.7%, суурь инфляцын түвшин 7.1% байгаа нь сүүлийн 31 жилийн дээд түвшин болж байна.
  3. Евро бүсийн бизнесийн бүтээмж (business output) 6 дахь сараа дараалан өссөн хэдий ч сүүлийн сарын байдлаар бараг зогсонги байдалтай гарсан нь эдийн засгийн өсөлт саарч байгаагийн дохио болж байна. Флаш Евро бүсийн нийлмэл худалдан авалтын менежерүүдийн индекс 6-р сард 52.8-аас 50.3-д хүрч буурлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Сүүлийн 33 жилийн дээд түвшнээ эвдсэн Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 2.7%, TOPIX индекс 1.5%-ийн тус тус бууралттай хаагдлаа. 2023 онд 20% гаруй өсөөд байгаа тус улсын хувьцааны зах зээлээс зарим хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын ашгаа авч буй нь зах зээл унахад нөлөөллөө.
  2. АНУ-ын төв банк болон Японы төв банкны Мөнгөний бодлогын зөрүүтэй байдал үргэлжилсээр байгаа нь иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт дахин сулрахад нөлөөллөө.1 ам.доллар 143.1 иентэй тэнцэж хаагдлаа. 
  3. Япон улсын 5-р сарын суурь инфляцын түвшин 3.2% гарлаа. Энэ нь тус улсын зорилтот түвшин болох 2.0%-иас өндөр үзүүлэлт юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгаатай холбоотойгоор тус улсын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.3%, CSI 300 индекс 2.5%-ийн тус тус бууралттай хаагдлаа. "Dragon Boat" баярыг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл Пүрэв гарагаас Баасан гараг хүртэл амарсан. Хонг Конг-ийн хөрөнгийн биржийн хувьд Баасан гарагт ажилласан.
  2. БНХАУ-ын эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд өнгөрөгч 7 хоногт том мэдээ мэдээлэгдсэнгүй. Гэсэн хэдий ч цар тахлын дараах эдийн засгийн хурдацтай өсөлт саарч байгааг батлах үзүүлэлтүүд нэмэгдэж буй нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна.
  3. Бээжин хот шинээр цахилгаан автомашин худалдан авч буй иргэддээ 4 жилийн татварын хөнгөлөлт үзүүлэх багцыг танилцууллаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ