{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.09.18 - 2022.09.22

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.09.18 - 2022.09.22


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,071.44 нэгжид хүрч 0.1%-ийн өсөлттэй хаагдлаа. 2023 онд ТОП-20 индекс нь 6.6% буурсан үзүүлэлттэй байна.
  2. Азийн хөгжлийн банк 2023 оны 9-р сарын эдийн засгийн тойм тайландаа Монгол улсын 2023 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.7%-иас 5.4% болгож бууруулжээ. Мөн 2024 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 6.1%-иас 5.9% болгож бууруулсан байна. 2023 онд БНХАУ-аас 0-Ковид бодлогоо цуцалж хилээ нээсэн нь Монгол улсын нүүрсний экспорт ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн билээ. Тэгвэл уг нөлөө 2024 онд мөн адил Монгол улсын эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөх болохыг Азийн хөгжлийн банк онцолжээ. 
  3. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 (39.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөг болж, 4.6 (45.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны нөөцийн сангийн 9-р сарын Мөнгөний бодлогын хурал өнгөрөгч 7 хоногт болж өнгөрлөө. Тус хурлаар төв банкны ерөнхийлөгч Жером Пауэлл АНУ-ын инфляцын түвшин зорилтот 2.0%-д хүртэл Мөнгөний хумих бодлого баримталсаар байх болно хэмээн онцоллоо. Бодлого боловсруулагчид 2023 онд дахин нэг удаа бодлогын хүүг өсгөх, 2024 оны дунд үеэс эхлэн бага хэмжээгээр бодлогын хүүгээ бууруулах төсөөлөлтэй байна. Холбооны нөөцийн сангийн Мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх төлөвтэй байна гэх дохиог зах зээл хүлээн авснаар хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа.
  2. Холбооны нөөцийн сан хүлээлтийн дагуу бодлогын хүүгээ хэвээр үлдээснээр хүүгийн түвшин 5.25%-5.5%-д хадгалагдлаа. Холбооны нөөцийн сангийн хурлыг эс тооцвол АНУ-ын чухал эдийн засгийн мэдээ 7 хоногт нийтлэгдсэнгүй. Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо хүлээлтээс бага гарсан нь тус улсын хөдөлмөрийн зах зээл хүчирхэг байгааг баталж байна.
  3. АНУ-ын эдийн засгийн өсөлтийг Холбооны нөөцийн сан 2023 онд 2.1%, 2024 онд 1.5%, 2025 онд 1.8%-ийн тус тус өсөлттэй байна хэмээн таамаглаж байна. Харин ажилгүйдлийн түвшнийг 2023 онд 3.8%, 2024 онд 4.1%, 2025 онд 4.1% хэмээн таамаглаж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Томоохон төв банкнууд зээлийн хүүгээ өндөр түвшинд удаан хугацаанд хадгалах төлөвтэй байгаа нь Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байхад нөлөөллөө. Тодруулбал, FTSE 100 индекс 0.4%, STOXX Europe 600 индекс 1.9%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Газрын тосны үнэ өсөж буй болон Европын зах зээлд бизнесийн салбарын идэвхжил удааширч байгаа нь эдийн засгийн хэтийн төлөвийг бүрхэг болгож байна.
  2. Английн төв банкны бодлого боловсруулагчид 5-4 санал хураалтаар бодлогын хүүг 5.25%-д хэвээр хадгаллаа. Энэ нь 2021 оны 12-р сараас хойших хамгийн анхны бодлогын хүүгээ өсгөөгүй тохиолдол болж байна. Их Британийн 7-р сарын инфляцын түвшин 6.8% байсан бол 8-р сард 6.7% болж буурсан үзүүлэлттэй байна. 
  3. Швейцарын Үндэсний банк бодлогын хүүгээ 1.75%-д хэвээр хадгаллаа. Энэ нь 2022 оны 3-р сараас хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөөгүй тохиолдол болж байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 3.4%, TOPIX индекс 2.2%-ийн тус тус бууралттай хаагдлаа. АНУ-ын Холбооны нөөцийн сан өндөр инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд байлгахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө.
  2. Япон улс болон АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн зөрүүтэй байдал үргэлжилсэн хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор иений ханш үргэлжлэн суларч 1 ам.доллар 148.3 иентэй тэнцэж хаагдлаа. Иений ханшийг чангаруулахын тулд гадаад валютын зах зээлд интервенц хийх боломжтой гэсэн таамаг үргэлжилсээр байна. Тус улсын Сангийн сайд Засгийн газраас валютын хэт тогтворгүй байдлыг тогтворжуулахын тулд ямар ч хувилбарыг үгүйсгэхгүйгээр хариу арга хэмжээ авахад бэлэн гэж мэдэгдлээ.
  3. Япон улсын төв банк 9-р сарын Мөнгөний бодлогын хурлаараа таамаглалын дагуу бодлогын хүүг -0.1%, Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөжийг 0% орчимд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт хөрөнгө оруулагчид итгэл үзүүлснээр тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.5%, CSI 300 индекс 0.8%-ийн тус тус өсөлттэй байлаа.
  2. Пүрэв гарагт БНХАУ-ын Засгийн газрын танхим, Төрийн зөвлөл улсын сэргэлтийг бэхжүүлэх арга хэмжээг эрчимжүүлж, 2024 онд эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдлээ. Тус улсын бодлого боловсруулагчид БНХАУ нь эдийн засгийн сорилттой тулгарч байгаатай санал нэгдэцгээж байна. 
  3. БНХАУ-ын Ардын банк өнгөрөгч 7 хоногт нэг болон таван жилийн хугацаатай жишиг зээлийн хүүгээ өөрчлөлтгүй буюу хэвээр үлдээлээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ