{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.23 - 2022.10.27

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.10.23 - 2022.10.27


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ


МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 35,589.49 нэгжид хүрч, 1.67%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. 2023 оны 9-р сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт 33.2 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.9%-иар, 2021 оны сүүлтэй харьцуулахад 19.2%-иар тус тус өссөн үзүүлэлт болж байна. М2 мөнгөний нийлүүлэлт 2020 оны 5-р сараас 2021 оны 6-р сарыг хүртэл 14 сарын турш өсөлттэй байсан бол 2022 онд Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөс хойш буурч эхэлсэн юм. Харин 2023 оны 5-р сараас эхлэн M2 мөнгөний нийлүүлэлт 5 сар дараалан өсөөд байна. 
  3. Баасан гарагийн байдлаар 1 ам.доллар 3,448.76 төгрөгтэй тэнцэж арилжаалагдлаа. Энэ нь төгрөг ам.долларын эсрэг 2023 онд 0.12%-иар суларсан үзүүлэлт болж байна. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд хоёр 7 хоног дараалсан уналтыг үзүүлээ. Хувьцаанууд уналттай байхад компаниудын 2023 оны 3-р улирлын орлогын тайлангийн холимог байдал болон АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөж сүүлийн 16 жилийн дээд түвшиндээ хүрсэн нь гол нөлөөг үзүүллээ. S&P 500 индекс 7 хоногт 2.53%-иар буурч 4,117.37 нэгжид хүрсэн нь 2023 оны 7-р сарын дээд түвшнээс хойш 10% орчмоор унасан үзүүлэлт болж байна. 
  2. Өнгөрөгч 7 хоногийн байдлаар S&P 500 индекс дэх нийт компаниудын 1/3 нь 2023 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа. Гайхамшигт 7 буюу Apple, Microsoft, Meta, Amazon, Alphabet, Nvidia, болон Tesla компанийн 3-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Эдгээр 7 компани нь 2023 оны эхэн үед зах зээл өсөхөд хамгийн гол нөлөөг үзүүлсэн бол мөн 10-р сарын дунд үеэс хойш хувьцааны зах зээлийн голлох индексүүдийг доош нь бууруулсан компаниуд юм. Tesla компанийн тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй бол Amazon компанийн орлогын тайлан шинжээчдийн хүлээлтийг давлаа. 
  3. АНУ-ын эдийн засаг 2023 оны 3-р улиралд 4.9%-ийн өсөлттэй гарлаа. Үүнийг 2-р улирлын 2.1%-ийн өсөлттэй харьцуулахад 2 гаруй дахин өссөн үзүүлэлт болж байна. Эдийн засаг өсөлттэй байхад АНУ-ын өрхийн хэрэглээ ихээр өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Тодруулбал, эдийн засгийн 4.9%-ийн өсөлтийн 2.7%-ийг өрхийн хэрэглээний өсөлт бүрдүүлсэн байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн тодорхойгүй байдал болон Ойрх Дорнод дах зөрчилдөөний тодорхойгүй байдлын улмаас Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. FTSE 100 индекс 1.50%, STOXX Europe 600 индекс 0.96%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Европын төв банк сүүлийн 10 удаагийн Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ өсгөсөн бол өнгөрөгч 7 хоногт болсон хурлаар бодлогын хүүгээ өсөлгүй 4.0%-д хэвээр хадгаллаа. Төв банкны бодлого боловсруулагчид инфляцыг дунд хугацаанд 2.0%-д хүргэхийн тулд бодлогын хүүг бууруулах хараахан болоогүй болохыг онцолсоор байна.
  3. Евро бүсийн үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI индекс 47.2-оос 46.5 болж буурлаа. Уг үзүүлэлт нь сүүлийн 35 сарын хамгийн доод үзүүлэлт болж байна. (PMI үзүүлэлт 50-аас доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
  4. Английн ажилгүйдлийн түвшин 9-р сард 4.0%-аас өсөж 4.2%-д хүрлээ. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.86%,TOPIX индекс 0.04%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Геополитикийн хурцадмал байдал нь зах зээлийн төлөв байдалд сөргөөр нөлөөллөө.
  2. Япон Улс болон АНУ-ын төв банк хоорондын Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн Японы иений ханш ам.долларын эсрэг суларсан хэвээр байна. Тодруулбал, 1 ам.доллар сүүлийн 1 сарын хугацаанд 150 иентэй тэнцэж арилжаалдагдаж байна. Валютын зах зээл дээр үүсээд буй ханшийн сулралын эсрэг эрх баригчдын зүгээс интервенц хийх вий гэсэн болгоомжлол зах зээлд үүссэн байдалтай байна.
  3. Токио хотын 10-р сарын суурь инфляцын түвшин 2.7%-д хүрч өслөө. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын компаниудын ашигт ажиллагаа сайжирч байгаа нь эдийн засаг тогтворжиж магадгүй гэсэн өөдрөг төсөөллийг төрүүлж улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.16%, CSI 300 индекс 1.48%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 9-р сард өмнөх оны мөн үеэс 11.9%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 8-р сард 17.2%-иар өссөнөөс удааширсан үзүүлэлт боловч 2 сар дараалан өссөн тохиолдол болж байна. Уг үзүүлэлтийг харгалзан үзэж шинжээчид БНХАУ-ын зах зээлд эрэлт сайжирч байгааг онцолж байна.
  3. БНХАУ хамгийн том үл хөдлөх компаниудын нэг болох Country Garden Holdings 15.4 сая ам.долларын бондын купоны төлбөрөө төлж чадаагүйн улмаас дефолт зарлалаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ