{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.03.11 - 2024.03.15

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.03.11 - 2024.03.15


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,465.44 нэгжид хүрч 0.94%-ийн өсөлттэй хаагдлаа. Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй Говь ХК (MSE: GOV) 65.68 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орсон нь зах зээлийн анхаарлыг ихээр татлаа. Монголын хөрөнгийн биржийн шинэчлэгдсэн мэдээллээс авч үзвэл одоогоор тус компанийн 34%-ийг HIDE INTER LLC, 51.29%-ийг Таван Богд Холдингс ХХК, үлдсэн 14.71‬%-ийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшээд байгаа юм.
  2. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 3-р сарын 14, 15-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 1%-иар бууруулж, 12%-д хүргэх; Малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах боломжийг банкнуудад олгох шийдвэрийг тус тус гаргалаа.
  3. Монгол улсын жилийн инфляц 2024 оны 2-р сард улсын хэмжээнд 7.0%, Улаанбаатар хотод 7.2%-д хүрч буурлаа. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн Мөнгөний бодлого, худалдааны түнш орнуудын буурч буй инфляц, чангарч буй төгрөгийн гадаад валюттай харьцах ханш зэрэг нь нийт инфляцын бууралтад гол нөлөө үзүүллээ. Цаашид инфляц алгуур буурч, төв банкны зорилтын дээд интервалын орчимд байх төлөвтэй байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин, тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэлийг бий болгож байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 2-р сарын инфляцын түвшин болон тус улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс тус тус өссөн үзүүлэлттэй гарсан нь өнгөрөгч 7 хоногт хувьцаануудын ханш уналттай байхад гол нөлөөг үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүчний салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол бусад салбарын хувьцаанууд уналттай байлаа. Эрчим хүчний салбарын хувьцаанууд өсөлттэй байхад газрын тосны үнэ өссөн нь шууд нөлөөллөө.
  2. АНУ-ын 2-р сарын хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.9%-иас 3.8%-д хүрч буурлаа. АНУ-ын зорилтот инфляцын түвшин 2.0% билээ. Бидний хувьд Холбооны нөөцийн санг 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 0.25%-иар бууруулна гэх хүлээлттэй байна.
  3. АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 2-р сард сарын өмнөх үеэс 0.6% өссөн үзүүлэлттэй гарлаа. Уг үзүүлэлт нь сүүлийн 6 сарын хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.31%-ийн өсөлт үзүүллээ. Тус индекс нь 8-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй байна. Европын төв банк 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулна гэх хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр байгаа нь зах зээлийн өсөлтийг дэмжлээ.
  2. Их Британийн 2024 оны 1-р сарын ажилгүйдлийн түвшин 3.8%-иас 3.9%-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Тус улсын хөдөлмөрийн зах зээлийн дундаж орлого болон бонус орлого 1-р сард 6.1%-ийн өсөлттэй гарсан нь 2022 оны 10-р сараас хойших хамгийн доод өсөлт боллоо.
  3. Их Британийн 2024 оны 1-р сарын Дотоодын нийт бүтээгдэхүүн сарын өмнөх үеэс 0.2%-ийн өсөлттэй гарлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай  байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.47%, TOPIX индекс 2.05%-ийн тус тус уналттай хаагдлаа. 
  2. Япон улсын төв банк 3 сарын 18, 19-д болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг эерэг болгох боломжтой гэдэг шинжээчдийн өргөн байр суурь байна. Япон улсын төв банкны бодлого боловсруулагчид инфляцын түвшин цаашид цалингийн үнийн өсөлт дээр тулгуурлаж төсөөллийн дагуу тогтвортой байх нөхцөл үүссэнийг онцлоод байгаа юм. Хүүгийн түвшин эерэг болох хүлээлт нэмэгдсэний улмаас өнгөрөгч 7 хоногт тус улсын зах зээл уналт үзүүллээ.
  3. Японы иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт суларлаа. АНУ-ын 2-р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарсан болон тус улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс өндөр гарсан нь иений ханш ам.долларын эсрэг сулрахад гол нөлөөг үзүүллээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.28%, CSI 300 индекс 0.71%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын Ардын банк дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системдээ 387 тэрбум юань нийлүүллээ.
  3. БНХАУ-д дотоодын эрэлт сул байгаа тул хөрөнгө оруулагчид дефляцийн эрсдэлийг болгоомжтой ажиглаж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ