ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.04.22 - 2024.04.26
ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 43,328.77 нэгжид хүрч, 2.82%-ийн өсөлттэй хаагдлаа.
- Худалдаа Хөгжлийн Банк ХК /TDB/, Хаан Банк ХК /KHAN/, Голомт Банк ХК /GLMT/ тэргүүтэй дотоодын томоохон хувьцаат компаниуд өнгөрөгч долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас тарааж буй ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийнхээ үнэт цаасны дансанд байршууллаа.
- "Говь" хувьцаат компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч "Таван Богд Холдингс" ХХК-ийн хувьцааны эзэмшил 75%-ийг давсан тул 2024 оны 4-р сарын 19-ний өдөр "Говь" хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн ээлжит хурлаар Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасныг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ 268.26 төгрөг юм. Хувьцааг худалдан авах санал 2024 оны 6-р сарын 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- S&P 500 индекс дэх нийт компаниудын 30% орчим нь өнгөрөгч долоо хоногт 2024 оны 1-р улирлын тайлангаа нийтэллээ. Тайлангаа нийтэлсэн компаниудын ашигт ажиллагааг ерөнхийд нь авч үзвэл компаниудын ашгийн үзүүлэлтүүд жилийн өмнөх мөн үеэс өсөлттэй гарлаа. Үүний эерэг нөлөөгөөр гурван долоо хоног дараалж уналт үзүүлээд байсан S&P 500 индекс долоо хоногт 2.67%-ийн өсөлт үзүүллээ. Технологийн салбарын хувьцаанууд хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ. Тухайлбал, Apple, NVIDIA, Alphabet зэрэг томоохон технологийн компаниудын 1-р улирлын ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг давснаар өндөр өсөлтийг үзүүллээ. Харин Meta компанийн хувьд хувьцааны ханш нь 7.85%-иар унасан ба үүний шалтгаан нь тус компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг хиймэл оюун ухаан болон бусад шинэ технологид үргэлжлүүлэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зардал гаргана хэмээн мэдэгдсэнтэй холбоотой байлаа.
- АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын 4-р сарын S&P Global PMI үзүүлэлт 51.9 - 49.9-д хүрч буурлаа. Мөн үйлчилгээний салбарын PMI 51.7 - 50.9 болж тус тус бууралттай гарлаа. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх тус хоёр индекс бууралттай гарсан нь инфляцын түвшин буурахад эерэг нөлөөтэй байх юм.
- АНУ-ын эдийн засаг 2024 оны 1-р улиралд улирлын өмнөх үеэс 1.6% өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь дийлэнх шинжээчдийн хүлээлт болох 2.5%-иас доогуур үзүүлэлт боллоо.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хувьцааны зах зээл гурван долоо хоног дараалж уналт үзүүлээд байсан бол өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа.Тодруулбал, FTSE 100 индекс 3.09%, STOXX Europe 600 индекс 1.74%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад Ойрх Дорнод дахь хурцадмал байдал намжиж буй болон 2024 оны 1-р улирлын хувьцаат компаниудын орлогын тайлан сайн гарсан нь эергээр нөлөөллөө. FTSE 100 индекс өнгөрөгч долоо хоногт бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчиллээ.
- Европын төв банкны бодлого боловсруулагчид эдийн засгийн гэнэтийн цочролоос сэргийлж 2024 оны 6-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаагаа онцоллоо.
- Евро бүсийн HCOB PMI үзүүлэлт 4-р сард 50.3 - 51.4-т хүрч өслөө.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын иений ханш үргэлжлэн суларч буйтай холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.34%, TOPIX индекс 2.29%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын бодлого боловсруулагчид ээлжит хурлаараа бодлогын хүүгийн түвшнийг хэвээр үлдээсэн ба үүний нөлөөгөөр иений ханш ам.долларын эсрэг хүчтэй суларлаа. Бидний хувьд Япон улсын төв банкийг 2024 оны 2-р улиралд хүүгийн түвшнийгээ нэмэгдүүлнэ гэх хүлээлттэй байна.
- Олон улсын валютын зах зээлд Япон улсын иений ханш ам.долларын эсрэг суларч сүүлийн 34 жилийн доод түвшиндээ арилжаалагдсан хэвээр байна. Япон улсын төв банкны ерөнхийлөгч Казүо Уэда нь иений ханшийн сулрал нь инфляцын түвшний өсөлтөд нөлөөлж эхлэх юм бол бодлогын хүүг дахин өсгөх болно хэмээн мэдэгдээд байгаа юм. Тус улсын төв банкны бодлого боловсруулагчид иений ханшийн сулралын сөрөг үр дагаврын тооцож түүний эсрэг үр дүнтэй бодлогын арга хэмжээ авах дээр ажиллаж байна.
- Токио хотын 2024 оны 4-р сарын инфляцын түвшин 2.4%-иас 1.6%-д хүрч буурлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Хөрөнгө оруулагчдын БНХАУ-ын эдийн засагт итгэх итгэл нэмэгдсэнээр тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.76%, CSI 300 индекс 1.20%-ийн тус тус өсөлттэй байлаа.
- БНХАУ-ын төв банк 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ хүлээгдэж байсанчлан хэвээр үлдээлээ. Тодруулбал, 1 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүг 3.45%, 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүг 3.95%-д хадгаллаа.
- Шинжээчид БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 4.8% гэж таамаглаж байна. Тодруулбал, Bloomberg-ийн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн судалгаанд 15 эдийн засагч хамрагдсан ба медиан төсөөлөл нь 4.8%-д тогтсон байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19