{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.08.12 - 2024.08.16

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.08.12 - 2024.08.16


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,527.35 нэгжид хүрч, 1.32 хувийн бууралттай хаагдлаа.
  2. Монгол улсын эдийн засаг 2024 оны эхний хагас жилд 5.6 хувиар өслөө. Монгол улсын ажиллах хүчний судалгааны 2024 оны 2-р улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 сая нь ажиллах хүч , 868.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний 1.3 сая нь ажиллагчид, 82.3 мянга нь ажилгүй хүн байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68.0 мянгаар, өмнөх улирлаас 14.5 (1.1%) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 6.1 (8.0%) мянгаар, өмнөх улирлаас 10.5(14.7%) мянгаар өссөн байна.
  3. Монгол улсын худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд 31.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.4 (16.7%) их наяд төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21.2 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.8 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 2024оны эхний хагас жилд 6.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 988.3 (17.7%) тэрбум төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 24.5их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 (16.4%) их наяд төгрөгөөр тус тус өслөө.

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 7-р сарын инфляцын түвшин болон хувийн хэрэглээний зардлын индекс тус тус бууралттай гарсан нь инфляцын түвшин зорилтот түвшинд хүлээлтээс хурдан хүрэх боломжтой дохиог хөрөнгө оруулагчдад өглөө. Үүнээс үүдэж АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ. Тодруулбал, S&P 500 индекс 3.93 хувь, DJIA индекс 2.94 хувь, технологийн NASDAQ Composite индекс 5.29 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. Хувьцаануудаас хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэгч NVDIA компанийн хувьцааны ханш 18.93 хувь өссөн нь онцлох өсөлт боллоо.
  2. АНУ-ын 7-р сарын инфляцын түвшин 3.0 хувиас 2.9 хувь болж буурлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.3 хувиас 3.2 хувь болж буурлаа. Инфляцын түвшин сүүлийн 3 жилд анх удаа 3.0 хувиас доош орж буурлаа.
  3. АНУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэхийн зэрэгцээ инфляцын түвшин хүлээлтээс давсан бууралттай байгаа тул бидний хувьд 9-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулна гэж таамаглаж байна. 8 сарын 22-24-ний өдрүүдэд болох "Jackson Hole Symposium" зохиогдох ба түүн дээр Холбооны нөөцийн сангийн тэргүүний яриаг анхааралтай ажиглах нь мөн чухал байна. Тэрээр 8 сарын 23 буюу Баасан гарагт яриа өгөх хуваарьтай байгаа юм.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал,  FTSE 100 индекс 1.75 хувь, STOXX Europe 600 индекс 2.46 хувийн тус  тус өсөлттэй  хаагдлаа.
  2. Их Британийн 7-р сарын инфляцын түвшин 2.0 хувиас 2.2 хувь болж өслөө. Их Британийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2-р улиралд улирлын өмнөх үзүүлэлтээс 0.6 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Их Британийн хөдөлмөрийн зах зээлийн 7-р сарын бонус нэмэгдэлийг оруулаагүй цалингийн үнэ жилийн өмнөх үеэс 5.4 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Бонус цалинг оруулсан өсөлт 4.5 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа.
  3. Евро бүсийн эдийн засаг 2024 оны 2-р улиралд улирлын өмнөх үеэс 0.3 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Герман улсын эдийн засаг 2024 оны 2-р улиралд (QoQ) агшилттай гарсан хэдий ч Франц, Итали, Испани улсуудын эдийн засаг өсөлттэй гарсан нь 2-р улиралд Евро бүсийн эдийн засаг өсөлттэй гарахад нөлөөлжээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ.  Иений ханш ам.долларын эсрэг эргэн суларсан нь хувьцааны зах зээлийн өсөлтөд голлон нөлөөллөө. Иений ханш сулрах нь Япон улсын экспортлогчдод ашигтай юм. Nikkei 225 индекс 8.67 хувь, TOPIX индекс 7.86 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. Япон улсын төв банкны 7-р сарын Мөнгөний бодлогын шийдвэр бодлогын хүүг өсгөсний дараа тус улсын валютын худалдан авах чадвар болон хувьцааны зах зээлд хүчтэй савлагаа орсон билээ. Үүнийг төв банкны зүгээс харгалзан үзэж төв банкны Дэд ерөнхийлөгч зах зээл тогтворгүй, савлагаа өндөр байвал төв банкны зүгээс бодлогын хүүг өсгөхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс хөрөнгө оруулагчид төв банкны дараагийн Мөнгөний бодлогын шийдвэрт хэрхэн гарах дээр тодорхой хүлээлтийг дэвшүүлж чадахгүй байна. 
  3. Япон улсын эдийн засаг 2024 оны 2-р улиралд жилийн өмнөх үеэсээ 3.1 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтөд хувийн хэрэглээний зардал болон бизнесийн хөрөнгө оруулалтын дүн өссөн нь гол нөлөөг үзүүлжээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралын болзошгүй эрсдэлд хөрөнгө оруулагчид санаа зовнисон хэвээр байна. Гэсэн хэдий ч тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.6 хувь, CSI 300 индекс 0.42 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын 7-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл жилийн өмнөх үеэс 5.1 хувь, жижиглэнгийн борлуулалтын дүн 2.7 хувь тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Эдгээр эдийн засгийн үзүүлэлтүүд нь тус улсын эдийн засгийн идэвхжил буурах боломжтой болох дохиог өглөө.
  3. БНХАУ-д шинэ орон сууцны үнэ 13 сар дараалж буурлаа. Тодруулбал, тус улсын 70 хотын шинэ орон сууцны борлуулалт 7-р сард сарын өмнөх үеэс 0.7 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ