КРИПТОВАЛЮТЫН АРИЛЖААНЫ ТОО ХЭМЖЭЭ БУУРЧ БАЙНА
Дэлхий даяар криптовалютын арилжааны тоо хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад буурч байгаатай холбоотойгоор криптовалют биржүүдийн шимтгэлийн орлого буураад байна. Жишээлбэл, "Coinbase" бирж дээрх криптовалют арилжааны тоо хэмжээ буурч байгаатай холбоогоор ашиг нь буурч хувьцааны ханш нь 2022 оны 4 сарын 19-ны байдлаар $151.27 болсон байгаа нь 2021 оны эцсээс 40 хувиар буурсан үзүүлэлт болоод байгаа юм.
Дэлхий өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчид bitcoin, ethereum болон бусад дижитал хөрөнгийг арилжаалж байгаа хэдий ч Даваа гарагийн байдлаар нийт криптовалют зах зээлийн үнэлгээ 2021 оны жилийн эцсээс хойш 19 орчим хувиар унаад байна. Нийт криптовалютын үнэлгээнд хамгийн том хувийг эзэлдэг bitcoin нь энэ жил 11 хувиар буурсан байгаа бол etheruem 16 хувиар буураад байгаа юм.
"FactSet"-ийн мэдээлснээр, олон нийтэд арилжаалагддаг криптовалютад төвлөрсөн компаниудын хувьцаа энэ жил 60 хувь орчимд буураад байгаа байна. Эдгээр компаниудаас жишээ дурдвал АНУ-ын хамгийн том криптовалютын бирж болох "Coinbase" (COIN) -ийн хувьцааны үнэ 2021 оны жилийн эцсээс 40 орчим хувь буураад байгаа бол "Capital Corp." (SI) 11 хувь, "Marathon Digital Holdings Inc." (MARA) 35 хувь, "Riot Blockchain Inc." (RIOT) 33 хувь, "TeraWulf Inc." (WULF) bitcoin олборлогч компани 61 хувь зэрэг тус тус бууралттай байгаад байна.
"Nomics" аналитик фирмийн мэдээллээс үзэхэд, "Coinbase" криптовалютын бирж дээр 1-р сард өдөрт дунджаар 4 тэрбум ам.долларын арилжаа хийгддэг байсан бол 4-р сарын байдлаар өдөрт дунджаар 2.6 тэрбум ам.долларын арилжаа хийгдэж арилжааны хэмжээ буураад байгаа байна.
Криптовалютын арилжааны тоо хэмжээ 2021 онд огцом өсөөд байсан гол шалтгаан нь цар тахлын хүнд жилүүдэд иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсантай шууд холбоотой байсан билээ. Харин 2022 оны байдлаар Холбооны Нөөцийн Сан (ХНС) болон бусад төв банкнууд бодлогын хүүгээ өсгөх дохио өгснөөс хойш криптовалютын арилжааны тоо хэмжээ буурч, криптовалютын үнэ болон криптовалютад төвлөрсөн компаниудын хувьцаануудын үнэ буураад байгаа юм.