"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ
Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 5 дахь шинэ үнэт цаас, даатгалын салбараас үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани болох "Мандал даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 1,560,754 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4,800 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 7.49 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлээд байгаа билээ.
Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "Голомт капитал ҮЦК" ХХК, аудитын үйлчилгээг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.
Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авна.
Анхдагч зах зээлийн арилжааны захиалгын хэмжээ давсан нөхцөлд суурь хуваарилалт хийх мөнгөн дүнг 1 тэрбум төгрөгөөр тооцон нийт захиалга өгсөн хүний тоонд тэнцүү хуваарилна. Үлдэгдэл мөнгөн дүн буюу 6.49 тэрбум төгрөгийг нийт захиалгын мөнгөн дүнтэй харьцуулан хувь тэнцүүлэн хуваарилах аж.
Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.
Үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг хуваарилах төлөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж