МОНГОЛБАНК: 2019 ОНД ЭДИЙН ЗАСАГ 5-8.5 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
2019 оны эдийн засгийн өсөлтийг 5-8.5 хувь байна гэж Монголбанк Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд төсөөлсөн байна. Үүнээс уул уурхайн бус өсөлт 6-10 хувь байх бол уул уурхайн өсөлт 0-4 хувьтай байх тооцоо хийжээ.
Харьцуулж харвал Засгийн газар эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувь байхаар тооцсон бол Азийн Хөгжлийн банк 6.1 хувь, Дэлхийн банк 6.6 хувь байх төсөөлөл хийсэн байна. Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг хийхдээ Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан Мөнгөний болон Төсвийн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж, уул уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, Төрийн болон хувийн секторын ажилчдын цалин нэмэгдэнэ гэсэн таамаглалт нөхцөлүүдийг ашигласан гэж Төв банк мэдээллээ.
Зэсийн баяжмал дахь алтны агууламж сэргэж, нүүрсний зах зээл тогтвортой байгаа нь уул уурхайн салбарыг өсөлтийг нэмэгдүүлнэ гэж Төв банк тооцож байна. Хэдий тийм боловч “Эрсдэл талаасаа 2019 онд түүхий эдийн үнэ буурах төлөвтэй байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хумих нөлөө үзүүлнэ” гэж таамаглажээ.
Харин “2020 оноос зарим түүхий эдийн үнэ өссөнөөр уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэнэ” гэсэн байна. Төв банк инфляцыг найман хувьд тогтворжуулах зорилтыг 2019-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бодлоготой байгаа юм. Мөн дунд хугацаанд зургаан хувьд тогтворжуулах тооцоог хийжээ. Эдийн засгийн өсөлттэй холбоотой эрэлтийн гаралтай инфляц нэмэгдэж, дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлттэй холбоотой шатахууны үнэ өсөх хүлээлттэй байгаа ч нөгөө талаас нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө саарснаар инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах боломжтой гэж Монголбанк үзжээ.
Төв банкны энэ жилийн онцлох зорилтын нэг нь гадаад валютын албан нөөцийг эрчимтэй нэмэгдүүлэх асуудал болж байна. Тухайлбал, гадаад валютын албан нөөцийг дунд хугацаанд хамгийн багадаа 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж Төв банк үзжээ. 8-р сарын байдлаар гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2.85 тэрбум ам.доллар байгаа юм.
Оны эхний хагас жилийн байдлаар гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2.98 тэрбум ам.долларт хүрсэн нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 43 хувиар бага, богино хугацаат гадаад өр төлбөрийг барагдуулах олон улсын жишиг түвшнээс 10.4 нэгж хувь доогуур байгааг ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд онцолжээ.
Эх сурвалж: BloombergTv.mn