{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“MORGAN STANLEY” МЕТАЛЛУРГИЙН НҮҮРСНИЙ ХАНШ 155 АМ.ДОЛЛАР БОЛЖ БУУРНА ГЭЖ ТААМАГЛАВ

“MORGAN STANLEY” МЕТАЛЛУРГИЙН НҮҮРСНИЙ ХАНШ 155 АМ.ДОЛЛАР БОЛЖ БУУРНА ГЭЖ ТААМАГЛАВ


2018 оны эхний 10 сард БНХАУ нийт 56.9 сая тонн коксжих нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 1.6 хувиар буурсан дүн боллоо. Зөвхөн аравдугаар сарын импорт нь 6.08 сая тонн болж жилийн өмнөхөөс 15.7 хувиар өссөн талаар БНХАУ-ын Гаалийн газар мэдээллээ.

Сарын дүнгээрээ энэ оны долоодугаар сараас хойш БНХАУ-ын коксжих нүүрсний импорт тасралтгүй буурчээ. Хэдий тийм боловч "БНХАУ-ын Засгийн газар тэлэх бодлого баримталж байгаатай уялдаад гангийн гарц өндөр хэвээр байна. Энэ нь БНХАУ-ын импорт буурах төлөвийг улам хойшлуулж байна" гэж “Morgan Stanley” таамаглажээ. Энэ онд металлургийн нүүрсний дундаж ханш 196 ам.доллар байгаа бол ирэх онд 155 ам.доллар хүрнэ гэж тус банк таамагласан байна. Ирэх онд Австралийн металлургийн нүүрсний нийлүүлэлт өсөх төлөвтэй байгааг “Morgan Stanley” мөн онцолжээ. Тухайлбал, “BHP Billiton” компани жилийн нийлүүлэлтээ дөрвөн сая тонноор нэмэхээс гадна “Qcoal” групп "Byerwen" уурхайгаасаа жилд хоёр сая тонн нүүрс нийлүүлэх төлөвтэй байгаа юм байна. Цаашид энэ ордын коксжих нүүрсний олборлолт жилд 10 сая тонн хүрэх боломжтой юм.

Монгол Улсын хувьд оны эхний 10 сард 31.3 сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс 10.3 хувиар өсжээ. Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа юм. Сангийн яам 2019 оны төсөвт нэг тонн нүүрсний дундаж ханшийг 75.9 ам.доллараар тооцсон байна. Энэ сард БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гаргасан талаар ойрын эх сурвалж мэдээлсэн юм.

Үүнээс гадна мягмар гарагт Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар нэмэгдүүлэхдээ "БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, төгрөгийн ханшид дарамт учруулж байна" гэсэн юм. Харин Монголын нүүрс экспортлогч компаниудын тухайд ирэх оны төлөвийг харьцангуй өөдрөгөөр харж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ