Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурд удааширч байна
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Мөнгөний Бодлогын Хороо ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 12 хувийн түвшинд хадгалах шийдвэр гаргасан.
Монголбанкны үзэж буйгаар инфляц хүлээлтээс эрт саарч эхэлсэн бөгөөд уг шийдвэр ойрын хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах зорилготой юм.
Гэвч бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр инфляцыг тогтворжуулах ч нөгөө талаасаа эдийн засгийн идэвхжилийг сааруулах аюултай байна.
2024 оны 6-р сар гэхэд М2 мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, +31.9 хувийн өсөлттэй байсан бол тус хугацаанаас хойш өсөлтийн хурд нь саарсаар 5 дахин буурсан үзүүлэлттэй боллоо.
Тухайлбал, инфляцын түвшин 5-р сар хүртэл алгуур саарч, 8.3 хувь хүрээд байгаа боловч М2 мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эрс саарч, өмнө жилийн мөн үеэсээ ердөө +6.3 хувиар өсжээ.
М2 мөнгөний өсөлтийн задаргааг авч үзэхэд 2025 он гарснаас хойш бараг мөнгө буюу хадгаламжийн данс дахь мөнгө дийлэнх хувийг нь бүрдүүлж байна.
Харин М1 буюу хөрвөх чадвар өндөртэй мөнгөний бүрэлдэхүүний өсөлт 2025 оны 1-р сард +5.7 хувийн өсөлттэй байсан бол 5-р сар хүртэл буурсаар, -0.3 хувийн уналттай болжээ.
Эдгээрээс дүгнэвэл Монгол Улсын эдийн засгийн эргэлт багассаар байгаа буюу иргэд хэрэглээгээ танаж, хадгалах хандлага нь нэмэгдэж байгааг харуулж байна.
Мөн мөнгөний нийлүүлэлт эрс саарч байгаа нь бодлогын хүүг өсгөх шийдвэрээс өмнө буюу 2025 оны 3-р сараас өмнө эхэлсэн нь санаа зовних шалтгаан боллоо.
Учир нь мөнгөний хатуу бодлого баримталж, бодлогын хүүг ихэсгэхээс өмнө иргэдийн эдийн засгийн идэвх буурч эхэлсэн байж болзошгүй юм.
Уг үйл явдал бодлогын хүү нэмэгдсэнээр улам даамжирч, эдийн засаг идэвхжил цаашид сулрах магадлал нэмэгдлээ.
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19
+976 7010-0261