ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.04-2021.10.08
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.75% | 3.30% |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.63% | 2.58% |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.13% | 2.09% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.02% |
5 | DBM’ 2023 | USD | 7.25% | 3.88% |
6 | MGMTGE' 2022 (Өүлэн) | USD | 9.75% | 7.07% |
7 | Mongol 2026 (Номад) | USD | 5.13% | 4.22% |
8 | MGMTGE' 2024 | USD | 8.85% | 9.48% |
9 | MMC' 2024 | USD | 9.25% | 14.18% |
10 | Mongol 2027 | USD | 3.50% | 4.27% |
11 | Mongol 2031 | USD | 4.45% | 4.97% |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бага зэргийн өсөлтийг үзүүллээ. Dow Jones (DJIA) 1.22 хувь, S&P 500 индекс 0.79 хувь, Nasdaq Composite индекс 0.09 хувь, S&P MidCap 400 индекс 0.25 хувь тус тус өссөн бол Russel 2000 индекс -0.38 хувийн уналттай байлаа. Байгалийн хийн үнэ Европт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бол газрын тосны үнэ сүүлийн 7 жилийн хамгийн дээд ханшид хүрсэн байна.Газрын тосны томоохон экспортлогчид олборлолтоо өмнөх тохиролцсон хэмжээнээсээ хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь хомстлыг үүсгэж үнийн өсөлтөд нөлөөлсөн байна.
- Есдүгээр сард АНУ-д 194,000 ажлын байр шинээр үүссэн нь өмнөх 2 сарын үзүүлэлтээс харьцангуй доогуур үзүүлэлт байлаа. Тус сард цагийн дундаж орлого 0,6 хувиар өссөн бол долоо хоногийн дундаж ажлын цаг 5 сараас хойш хамгийн дээд төвшин 34.8 цагт хүрсэн байна. Ажилгүйдлийн төвшин 5.2 хувиас 4.8 хувь болж бууржээ.
- Хөдөлмөр эрхлэлтийн тайлан нь баасан гаригийн өглөө ЗГҮЦ-ны өгөөжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөв. АНУ-ын АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өгөөж 1.62 хувьд хүрсэн нь 6-р сарын эхнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
№ | Индекс | Хаалтын ханш | 7 хоногийн өөрчлөлт | Өөрчлөлтийн хувь |
1 | DJIA | 34746.25 | 419.79 | 1.22% |
2 | S&P 500 | 4,391.34 | 34.3 | 0.79% |
3 | Nasdaq Composite | 14,579.54 | 12.84 | 0.09% |
4 | S&P MidCap 400 | 2,690.23 | 6.58 | 0.25% |
5 | Russell 2000 | 2,233.09 | -8.54 | -0.38% |
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Шинжээчид энэхүү өсөлтийг хүүгийн төвшний өсөлт болон өгөөжийн муруйн өсөлт нь банкнуудын цэвэр хүүгийн ашгийг нэмэгдүүлэхэд тусална гэсэн хүлээлттэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Европын STOXX Europe 600 индекс 0.97 хувь, Германы Xetra DAX индекс 0.33 хувь, Францын CAC 40 индекс 0.65 хувь, Италийн FTSE MIB индекс 1.70 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.97 хувиар тус тус өсөв. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж байгалийн хийн үнийн өсөлт нь инфляцад нөлөөлнө гэсэн санаа зовнилоос болон өсжээ.
- Байгалийн хийн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрэв. Дэлхий даяар шатахууны хомстлын улмаас байгалийн хийн бөөний үнэ Европт дээд ханш тогтоосон нь өрхийн хэрэглээний зардал болон үйлдвэрлэлийн гарцад сөргөөр нөлөөлөв. Энэхүү үнийн өсөлтийг цар тахлын дараа эдийн засаг дахин нээгдсэнээр эрэлт өссөн, тээвэрлэлтийн асуудал болон ОХУ-аас Европ руу нийлүүлэх хэмжээ буурч нөөцийн хомстол үүсгэсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ-ын төрийн өмчит Газпром компани Европ руу нийлүүлэх түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой” гэж хэлсний дараа үнэ бага зэрэг буурчээ.
- Польшийн Төв банк инфляцын өсөлтийг намжаахын тулд бараг 10 жилийн хугацаанд анх удаа хүүгээ гэнэт өсгөж, үндсэн хүүгээ 40 нэгжээр нэмэгдүүлж 0.5 хувь болгон өсгөсөн байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Японы хөрөнгийн зах зээл уналттай байлаа. TOPIX индекс 1.23 хувь, Nikkei 225 индекс 2.51 хувь тус тус буурсан байна. Хувьцааны ханшийн бууралтыг шинээр тангараг өргөж буй Ерөнхий сайд Fumio Kishida-г капиталын ашгийн татварыг нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлттэй холбон тайлбарлаж байна.
- Иений ам.доллартой харьцах ханш 111.88 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнөх долоо хоногийн сүүлчээр 0.05 хувь байсан бол 0.08 хувьд хүрлээ. Энэ нь сүүлийн 4 сарын хамгийн өндөр үзүүлэлт юм.
- Шинэ Ерөнхий сайд Fumio Kishida албан ёсоор албан тушаалаа авлаа. 9-р сард өмнөх Ерөнхий сайд Yoshihide Suga огцорсны дараа Японы эрх баригч Либерал ардчилсан намыг удирдах өрсөлдөөнд ялалт байгуулсан Fumio Kishida нь тус улсын 100 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрээр тангараг өргөхдөө 10-р сарын 31-нд бүх нийтийн сонгууль болно гэж мэдэгдээд “Либерал Ардчилсан намынхан парламентын доод танхимд олонх байдлаа алдахгүй гэж найдаж байна” гэжээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт өсөлттэй байлаа. CSI 300 индекс 1.31 хувь, Shanghai Composite индекс 0.67 хувиар тус тус өссөн байна. Засгийн газраас гарсан нэмэлт зохицуулалтууд, үл хөдлөхийн салбарын үймээн самуун, улс даяар эрчим хүчний хямралын эсрэг эдийн засгийн үзүүлэлтүүд эерэгээр гарсан нь зах зээл өсөлттэй байхад нөлөөллөө.
- БНХАУ-ын бондын зах зээлд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3 нэгжээр өсч 2.92 хувьд хүрсэн бол юанийн ам.доллартой харьцах ханш харьцангуй тогтвортой буюу 6.4490 байна.
- Хятадын үл хөдлөх хөрөнгийн борлуулалт удааширсантай холбогдуулан барилгын компаниуд төлбөрөө төлөөгүй гэсэн мэдээлэл гарч эхэлж байна. Мөн Хятадын Үл Хөдлөх Хөрөнгийн Мэдээллийн Корпорацийн мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн топ 100 компанийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч Төв банкны судалгаагаар нийт өрхийн 50 орчим хувь нь үл хөдлөх хөрөнгийн үнэ 4-р улиралд өснө гэсэн эерэг хүлээлттэй байгааг илэрхийлжээ.
Эх сурвалж: Troweprice.com
Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19