ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.25-2021.10.29
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.75% | 3.16% |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.63% | 2.49% |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.13% | 2.00% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.03% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.03% |
5 | DBM’ 2023 | USD | 7.25% | 3.94% |
6 | MGMTGE' 2022 (Өүлэн) | USD | 9.75% | 6.43% |
7 | Mongol 2026 (Номад) | USD | 5.13% | 4.14% |
8 | MGMTGE' 2024 | USD | 8.85% | 9.53% |
9 | MMC' 2024 | USD | 9.25% | 14.54% |
10 | Mongol 2027 | USD | 3.50% | 4.19% |
11 | Mongol 2031 | USD | 4.45% | 4.90% |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт технологи болон харилцаа холбооны томоохон компаниуд 3-р улирлын санхүүгийн тайлангаа зарласнаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүд бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Dow Jones (DJIA) 0.40 хувь, S&P 500 индекс 1.33 хувь, Nasdaq Composite индекс 2.71 хувь, Russel 2000 индекс 0.26 хувиар тус тус өссөн бол S&P MidCap 400 индекс 0.10 хувиар буурчээ. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэргийн уналт үзүүлж 1.56 хувь дээр хаагдлаа.
- Hertz Global автомашин түрээсийн компани нь Тesla компаниас 100,000 ширхэг Tesla Model 3 загварын цахилгаан машинуудыг 2022 онд багтаан худалдаж авахаар болсноо мэдээлсний дараа Tesla компанийн хувьцаа бүх цаг үеийн түүхэн дээд ханш болох 1,114.00 ам.доллар дээр хаагдаж тус компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларыг давлаа.
- Гуравдугаар улиралд эдийн засаг 2.0 хувиар өссөн ч өмнөх улирлын 6.7 хувиас огцом буурсан байна. Шинжээчид энэхүү бууралтыг нийлүүлэлтийн сүлжээний сааталтай болон коронавирусын дельта хувилбарын тархалттай холбон тайлбарлаж байна. Автомашин болон орон сууцны борлуулалт хүлээгдэж байснаас огцом буурсан ч долоо хоногийн ажилгүйдлийн тоо 281,000-д хүрч цар тахлын үеийн хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Эдийн засаг хүлээгдэж байснаас өндөр хувиар өссөн тул Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй байлаа. Европын STOXX Europe 600 индекс 0.77 хувиар өссөн, Германы Xetra DAX индекс 0.94 хувиар буурсан, Францын CAC 40 индекс 1.44 хувиа өссөн, Италийн FTSE MIB индекс 1.14 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.46 хувиар тус тус өссөн байна. Төв банкнууд хүүг нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа ч өнгөрсөн долоо хоногт Европын бүсийн голлох бондуудын өгөөж бага зэрэг буурчээ.
- Европын бүсийн эдийн засаг хүлээлтээс өндөр буюу 3-р улиралд 2.2 хувиар өссөн нь 2-р улирлын өсөлтөөс 0.1 хувиар илүү байна. Энэхүү өсөлтөд Франц болон Итали улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нөлөөлсөн гэж үзэж байна.
- Аравдугаар сард Европын бүсийн инфляцийн төвшин 4.1 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хамгийн дээд төвшинд хүрсэн байна. Энэ нь хүлээлтээс өндөр байгаа ч гэсэн эрчим хүчний үнийн тогтворгүй байдал нь энэхүү өсөлтийн гол хүчин зүйл болжээ. Эрчим хүч болон хоол, хүнсний үнийн өөрчлөлтийг оруулаагүй суурь инфляци 1.9 хувиас 2.1 хувьд хүрсэн байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Дотоодын компаниудын 3-р улирлын санхүүгийн тайлангууд зах зээлд эерэгээр нөлөөлсөн ч гэсэн 10-р сарын 31-ний бүх нийтийн сонгуулийн өмнө хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 0.30 хувиар өссөн бол TOPIX индекс 0.05 хувиар буурсан байна. Иений ам.доллартой харьцах ханш өмнөх долоо хоногоос бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 113.5 болж хаагдсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэрэг өсөж 0.1 хувьд хүрчээ.
- Японы төв банк 2021 оны эдийн засгийн өсөлтийн хүлээлтээ бууруулан, ирэх саруудад коронавирусын тахлын нөлөө үйлчилгээний салбарт хэвээр байх бол нийлүүлэлтийн сүлжээний тасалдал нь экспорт болон аж үйлдвэрлэлийн салбарт сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр хэмээн таамаглаж байна. Долдугаар сард эдийн засгийн өсөлтийг 3.8 хувиар өснө гэж төсөөлж байсан одоогоор 2021 оны өсөлтийг 3.4 хувиар өснө гэж үзэж байна.
- Японы аж үйлдвэрлэлийн хэмжээ нийлүүлэлтийн тасалдалтай холбоотойгоор 9-р сард 5.4 хувиар буурсан нь хүлээгдэж буй хэмжээнээс хэт өндөр байна /Хүлээлтийн төвшин 3.2 хувь байсан/. Энэхүү үзүүлэлт нь тус улсын ДНБ-ийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн ч хөл хорионы арга хэмжээгээ зөөлрүүлснээр эдийн засаг эргэн сэргэнэ гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Бээжингээс гаргасан шинэ журмын хүрээнд 1 саяас дээш хэрэглэгчидтэй технологийн салбарын компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг гадаадад илгээхээсээ өмнө мэдээллийн аюулгүй байдлын хэлтсээр хянуулах шаардлагатай болжээ. БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 1.03 хувь, Shanghai Composite индекс 1.02 хувиар тус тус унажээ.
- Өмнөх долоо хоногт олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зээлжих зэрэглэлийг бууруулсан нь үл хөрөнгийн салбарыг улам хэцүү байдалд оруулж байна. Evergrande групп нь 9-р сарын 280 сая долларын хойшлуулсан купон төлөлтөө төлсөн ч Modern land үл хөдлөх хөрөнгийн компани нь 250 сая орчим долларын бондын үндсэн өр болон купон төлөлтөө хойшлуулаад байна.
- Юанийн ам.доллартой харьцах ханш 6.40568 болж 0.36 хувиар ам.долларын эсрэг суларсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2 cуурь нэгжээр буурч 2.99 хувь дээр хаагдсан байна.
Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19