ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11-15 - 2021.11.19
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.75% | 3.23% |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.63% | 2.63% |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.13% | 2.12% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.02% |
5 | DBM’ 2023 | USD | 7.25% | 3.71% |
6 | MGMTGE' 2022 (Өүлэн) | USD | 9.75% | 4.92% |
7 | Mongol 2026 (Номад) | USD | 5.13% | 4.17% |
8 | MGMTGE' 2024 | USD | 8.85% | 9.58% |
9 | MMC' 2024 | USD | 9.25% | 18.43% |
10 | Mongol 2027 | USD | 3.50% | 4.26% |
11 | Mongol 2031 | USD | 4.45% | 4.92% |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт Nasdaq Composite индекс бүх цаг үеийн түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн ч бусад индексүүд инфляцын өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон корона вирусын тархалттай холбоотойгоор уналттай байлаа. Тухайлбал, Dow Jones (DJIA) 1.38%, Russel 2000 индекс 1.08%, S&P MidCap 400 индекс 2.85 хувиар тус тус буурсан бол S&P 500 индекс 0.32%, Nasdaq Composite индекс 1.24%-иар тус тус өсжээ.
- АНУ-ын жижиглэнгийн борлуулалт 10-р сард 1.7%-иар өссөн нь 3-р сараас хойших хамгийн өндөр өсөлт үзүүлсэн сар боллоо. Энэ нь эдийн засаг сэргэх дохио хэмээн шинжээчид үзэж байна. Мөн шатахуун түгээх станцуудын борлуулалт 3.9% өссөн бол 10-р сард аж үйлдвэрийн хэмжээ хүлээгдэж байснаас хамаагүй өндөр буюу 1.6%-иар өссөн байна.
- Холбооны Нөөцийн сангийн даргаар Ерөнхийлөгч Joe Biden одоогийн тэргүүн Jerome Powell-ийг дахин томилох уу, эсвэл оронд нь ХНС-ын захирагч Lael Brainard-ыг дэвшүүлэх үү гэдэг нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг үүсгээд байна. Олон хүн Jerome Powell-ийг нэр дэвшүүлэхийг хамгийн их магадлалтай гэж үзэж байгаа ч Lael Brainard томилогдвол хүүг бууруулж, банкнуудын зээлийн маржинг бууруулна гэж үзэж байгаа бол зарим нь түүнийг мөнгөний хатуу бодлогыг баримталж магадгүй гэж үзэж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Коронавирусын халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.14%, Италийн FTSE MIB индекс 1.42%, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.69%-иар тус тус буурсан бол Германы Xetra DAX индекс 0.41%, Францын CAC 40 индекс 0.29% өсжээ. Европын төв банкны ерөнхийлөгч Christine Lagarde-н инфляцыг бууруулахын тулд хүүг нэмэхгүй гэсэн мэдэгдлээс болж Европын голлох бондуудын өгөөж буурчээ.
- Европын зарим орнууд коронавирусын тархалтыг таслан зогсоохын тулд хөл хорио тавих, хязгаарлалтуудыг чангатгах арга хэмжээнүүд авч эхэллээ. Жишээлбэл, Нидерланд улс хүн амаа 3 долоо хоног хэсэгчлэн хязгаарлахаа зарласан бол халдвар маш эрчимтэй тархаж байгаа Герман улс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан 3 үе шаттай хязгаарлалт хийхээ мэдэгдээд байгаа билээ. Мөн Бельги улс Ирландын нэгэн адил маскийг өргөнөөр хэрэглэж, гэрээсээ ажиллахыг үүрэг болгов.
- ИБНВУ-ийн инфляцын өсөлт 4.2 хувьд хүрсэн нь сүүлийн арван жилд байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Эрчим хүчний өртөг өндөр байгаа нь хэрэглээний үнийн өсөлтөд ихээхэн нөлөөлсөн байна. Мөн шинээр ажил эрхэлж буй хүмүүсийн тоо 9-р сараас 10-р сард 160,000-р нэмэгдэж 29.3 саяд хүрсэн байна. Эдгээр үйл явдлаас шалтгаалан Английн Төв банк (BoE) 12-р сард бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлэв.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 0.46%, TOPIX индекс 0.19%-иар тус тус өссөн байна. Иений ам.доллартой харьцах ханш 113.9-с 114.5 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэрэг өсөж 0.07 хувиас 0.08 хувьд хүрчээ.
- Ерөнхий сайд Fumio Kishida-н засгийн газар 55.7 их наяд иен (ойролцоогоор 490 тэрбум ам.доллар) санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зарлалаа. Тус санхүүгийн дэмжлэгийг яаралтай хэрэгжүүлснээр тахал өвчинд нэрвэгдсэн Японы эдийн засгийг сэргээн босгож, аль болох хурдан өсөлтийн замд оруулна хэмээн найдаж байгаагаа Ерөнхий сайд Fumio Kishida мэдэгджээ. Энэхүү дэмжлэгт өрхийн орлогын хэмжээнээс хамааруулан 18 ба түүнээс доош насны хүүхдүүдэд 100,000 иен (ойролцоогоор 880 ам.доллар) бэлнээр олгох, мөн хүнд хэцүү нөхцөлд байгаа гэр бүл, оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлэх зэрэг багтжээ.
- Японы эдийн засаг гуравдугаар улиралд 0.8%-иар, 2021 онд нийт 3.0%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Эдийн засаг хумигдаж, өрхийн хэрэглээний зардал буурч байгааг коронавирусын тархалт болон нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалтаас үүдэлтэй тээврийн хэрэгслийн экспортын удаашрал, хагас дамжуулагчийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хомстол ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.6%, Shanghai Composite индекс 0.5% өсжээ. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 2.946% хүрсэн бол Юанийн ханш ам.долларын эсрэг 6.4009 болж суларсан нь сүүлийн 2 долоо хоногийн доод үзүүлэлт боллоо.
- БНХАУ-ын Ардын Банк (PBOC) эдийн засгаа дэмжих хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд 200 тэрбум юанийн санхүүжилтийг дотоодын нүүрсний салбарт хөрөнгө оруулахаа мэдэгдэв. Шинжээчдийн тооцоолсноор Төв банкны энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үнэ буурч аажмаар БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 1-2% хүртэл нэмэгдэнэ гэжээ.
- Орон сууцны үнэ болон борлуулалтын тоо хэмжээ буурсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн эхэнд гаргасан тоо баримтаас харахад үл хөдлөх хөрөнгийн уналт аж үйлдвэрт сөргөөр нөлөөлж байна. 10-р сард орон сууцны борлуулалт 9-р сараас 21.2%-иар буурсан бол томоохон 70 хотын 52 хотод орон сууцны үнэ өмнөх сараас буурсан нь 9-р сарын үзүүлэлтээс 16-аар их байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19