ОУВС МОНГОЛ УЛСАД 36.22 САЯ АМ. ДОЛААРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн 5-р шатны үнэлгээг хэлэлцэж баталлаа.
5-р шатны үнэлгээгээр Монгол Улс 26.2088 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг нэмж тооцсоноор хөтөлбөрийн хүрээнд нийт 157.2454 сая зээлжих тусгай эрх буюу 217.33 сая ам.доллар болж байна.
ОУВС Монгол Улсыг дунд хугацааны бодлогыг эрчимжүүлэх, төсвийн бодлогоо чангатгах, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд бүх талаар анхаарах, мөнгөний бодлогоо чангатгах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх ажлаа дуусгахыг зөвлөжээ. ОУВС-ийн дэмжлэгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгах арга хэмжээг шинээр нэвтрүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.
Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь өнгөрсөн оны 5-р сарын 24-нд батлагдсан бөгөөд энэ хүрээнд 314.5054 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгороор шийдвэрлэсэн билээ.
Эх сурвалж: Montsame.mn