ШИНЭЭР ГАРГАХ ХУВЬЦААГ БҮРТГЭЖ, “МИК АКТИВ 18” ХХК-Д ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 12-р сарын 14-ны өдөр болж өнгөрлөө.
Өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” ХХК-ийн гаргаж буй нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 ширхэг энгийн хувьцаа бүртгэлээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон гаргаж “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50,000,000 ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрлөө. Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор тогтов.
Мөн хуралдаанаар, “МИК актив арван найм” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тус компанийн гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 950,068 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгэлээ.
Түүнчлэн, “Баян-Алдар” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, ХААБ-ийн арилжааны зуучлагч “Мэту ХААБ”, “Ханбүргэд Хэнтий ХААБ”, “Алтаншагай импекс ХААБ”, “Бадархундага оргил ХААБ”, “Сантланс ХААБ”, “Баярплант ХААБ” ХХК-уудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо