СЗХ: ДОТООД МЭДЭЭЛЛИЙН ЖУРМЫГ ШИНЭЧИЛЖ, ШИНЭЭР ГАРГАХ ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ
Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 3-р сарын 13-ны өдөр хуралдаж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар, “Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмаар, үнэт цаасны дотоод мэдээлэлд юу юуг тооцох, түүнийг нийтэд мэдээлэхэд баримтлах зарчим, дотоод мэдээлэл эзэмшигч гэж хэн болох, тэдэнд хориглох үйл ажиллагаа, журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг бүрчлэн тогтоож өгсөн байна. Хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж буй энэ үед үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг урвуулан ашиглах, хуурамч арилжаа хийж, үнэ ханш, арилжааны хэмжээг зохиомлоор өсгөх, бууруулах, зах зээлд оролцогч харилцагчид, хөрөнгө оруулагчдыг мэхлэх зэрэг эрсдэл үүсэхээс энэхүү журмаар урдьчилан сэргийлэх юм.
Мөн хуралдаанаар, “Монос хүнс” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, түүний 30 хувь буюу 122,655,128 ширхэгийг нэг бүрийг нь 70 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. “Монос хүнс” ХХК олон нийтэд санал болгон худалдах нийт хувьцааны 50 хувь буюу 61.3 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 61.3 сая ширхгийг нийтэд санал болгон худалдаж, нийт 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Голомт Капитал ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Грант торнтон” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Итгэлт-Эстимэйт” ХХК тус тус үзүүлж байна.
Түүнчлэн “Райнос эссет менежмент монгол” ХХК, “Ти Би ассет менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж