“ТОП 20” ИНДЕКСЭЭС ХАСАГДСАН “АДУУНЧУЛУУН” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 2018 ОНД 32.3 ХУВИАР УНАЖЭЭ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Топ 20” компанийг жил бүр шинэчлэн гаргадаг билээ. Энэ удаад “Адуунчулуун”, “Шарын гол”, “Шивээ овоо” зэрэг уул уурхайн гурван компанийг “Топ 20” индексээс хассан байна. 2018 онд эдгээр компаниудын хувьцааны арилжааны идэвх буурч, нэгж хувьцааны ханш унаснаар зах зээлийн үнэлгээ нь буурчээ.
Ингэснээр “Топ 20”-ийн жагсаалтаас хасагдахад хүрсэн байна. Эрчим хүчний станцуудад нүүрс нийлүүлдэг компаниуд олон жил алдагдалтай ажиллаж байгааг “Шивээ овоо” компанийн Гүйцэтгэх захирал “Bloomberg”-д өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байсан юм. Учир нь нүүрс олборлох зардал, борлуулж байгаа үнээс өндөр байдаг учраас тус компани тонн тутамд алдагдал хүлээж байгаа ажээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон жил ярьсан уурхайг түшиглэсэн томоохон цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг дурдаж байв.
2018 онд “Адуунчулуун” компанийн хувьцааны ханш 32.3 хувь, харин “Шарын гол” компанийн хувьцааны ханш 19.1 хувиар тус тус буурсан байна. “Шарын гол” компани 1993 оноос хойш хувьцаа эзэмшигчдэдээ хоёр удаа ногдол ашгаа тарааж байсан юм. Мөн “Шивээ овоо” компани ижил хугацаанд хөрөнгө оруулагчдадаа гурван удаа цэвэр ашгаасаа тодорхой хувийг хуваарилж байсан гэж Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Энэ онд “Топ 20” индексийн сагсанд уул уурхайн салбарын компаниудаас зөвхөн “Тавантолгой” ХК л багтаж байгаа ажээ.
Эх сурвалж: BloombergTv.mn