ЦАХИЛГААН МАШИНЫ САЛБАРЫН ЭРГЭН ТОЙРОНД
Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины стартап компаниуд олон нийтэд танигдаж хувьцааны зах зээлд өндрөөр үнэлэгдэж эхлээд байсан билээ. Ривиан, Никола, Каноо, Лордстаун, Фискер, Уорхорс групп, Муллен Автомотив, Люсид зэрэг цахилгаан автомашины компаниуд нь хувьцааны зах зээлд өндрөөр үнэлэгдээд байсан хэдий ч тус салбарын нийлүүлэлт нь эрэлтээсээ их байх төлөвтэй байгаатай холбоотойгоор цахилгаан автомашины компаниудын хувьцааны үнэ огцом буурч байна.
Цахилгаан автомашины салбарын компаниуд ихээр байгуулагдах болсон шалтгаан нь засгийн газраас өгч буй бага хүүтэй зээл болон татаастай холбоотой байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын жишээ авбал 200 орчим стартап цахилгаан автомашины компаниуд засгийн газраасаа татаас авах хүсэлт гарган ажиллаж байгаа байна.
Эрэлтээсээ давсан нийлүүлэлт, зах зээлийн тодорхойгүй байдал болон өндөр инфляцын эсрэг улс орнуудын баримталж буй мөнгөний хумих бодлого зэрэг уг асуудлууд нь цахилгаан автомашины салбарын компаниудын хувьцааны үнэд сөргөөр нөлөөлж байна. Ривиан, Никола, Каноо, Муллен Автомотив, Лордстаун, зэрэг компаниудын хувьцаануудын үнэ оргил үеийнхээсээ 80-95% орчим буураад байна.
Цахилгаан автомашин нь бензинээр ажилладаг машинуудтай харьцуулахад арчлахад хялбар болон цэнэглэж хэрэглэдэг тул бензинээс бага зардалтай байдаг. Гэвч цахилгаан автомашины дундаж үнэ бензинээр ажилладаг машинуудын дундаж үнээс 35%-аар илүү үнэтэй байгаа юм. Мөн цахилгаан автомашины хамгийн чухал зүйл болох батарей хийхэд ашиглагддаг түүхий эдүүдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор цахилгаан автомашины үнэ илүү нэмэгдэх төлөвтэй байна.
Уг салбарт одоогоор БНХАУ-ын компаниуд ихээхэн амжилттай байгаа ба тус улс нь 2021 оны эцсийн байдлаар 5.7 сая ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хүчин чадалтай болж өсөөд байна. Мөн тус улс нь ойрын хэдэн жилийн дотор 15 сая ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хүчин чадалтай болох хүлээлттэй байна. БНХАУ-ын цахилгаан автомашин өнгөрөгч онд АНУ-д 434,879 ширхэг зарагдсан байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19