Өнөөдөр 20:30 цагаас АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн гол хоёр үзүүлэлт болох 6-р сарын эдийн засагт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо болон ажилгүйдлийн түвшин мэдээлэгдэнэ.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн гол хоёр үзүүлэлт болох 6-р сарын эдийн засагт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо болон ажилгүйдлийн түвшний мэдээлэл өнөөдөр 20:30 цагаас мэдээлэгдэнэ. Тус хоёр үзүүлэлт хэрхэн гарахаас шалтгаалан зах зээлд ам.долларын эрэлт ихсэж аль эсвэл буурах тул олон улсын валютын зах зээлд өндөр савлагаа үүсгэх хүлээлттэй байна.
Валл Стрийтийн дийлэнх шинжээчид 6-р сарын эдийн засагт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоог (Non-Farm Employment Change) 191,000 гэж таамаглаж байна. Ажилгүйдлийн түвшнийг өөрчлөлтгүй буюу 4.0 хувьд хэвээр хадгалагдана гэж таамаглаж байна. 191,000 гэх тоо нь өмнөх саруудаас өндрөөр буурсан үзүүлэлт ба үүнийг өмнөх саруудаас бууруулж таамаглаж байгаа гол шалтгаан нь 6-р сарын АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт хүлээлтэд хүрээгүйтэй холбоотой байна. АНУ-ын 6-р сарын PMI үзүүлэлт 50-иас доош гарсан нь эдийн засгийн идэвхжил суларч байгааг илэрхийлж улмаар шинжээчид хөдөлмөрийн зах зээлд их хэмжээний шинэ ажлын байр нэмэгдсэн гэх таамаглалаа бууруулсан гэж бид үзэж байна.
Блүүмбергийн шинжээчдийн хувьд 6-р сарын эдийн засагт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоог 218,000, ажилгүйдлийн түвшнийг 4.0 хувь гэж тус тус таамаглажээ. Блүүмбергийн шинжээчид улсын байгууллага болон эрүүл мэндийн салбарт шинээр их хэмжээний ажлын байр нэмэгдсэн гэж үзэж тус үзүүлэлтийг өндрөөр таамаглаж байна. Мөн тэдний тоон судалгаагаар уг үзүүлэлт 178,000 - 258,000 хооронд байх магадлал 90 хувь байгаа аж.
Холбооны нөөцийн сан 6-р сарын тайландаа 2024 онд бодлогын хүүгээ 2 удаа бууруулах талаар тусгасан. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд зах зээлийн халалт намжиж буйг илэрхийлж байгаа тул бидний хувьд өмнөх таамаглалдаа хэвээр буюу төв банкийг энэ онд 3 удаа бодлогын хүүг бууруулж хүүгийн түвшнийг оны эцэст 4.75 хувьд хүргэнэ гэж таамаглаж байна. 9-р сарын Мөнгөний бодлогын хурал дээр бодлогын хүүг 0.25 хувиар бууруулах магадлал өндөр байна гэж бид үзэж байна.
Хэрэв Блүүмбергийн шинжээчдийн тоон судалгааны үзүүлэлт болох 6-р сарын эдийн засагт шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо 178,000 - 258,000 хооронд байх магадлал 90 хувь болохыг үнэн гэж үзвэл тус үзүүлэлт дийлэнх шинжээчдийн хүлээлтээс өндөр гарах магадлалтай. Бидний тооцооллоор хүлээлтээс өндөр гарах магадлал 83.75 хувь, доогуур гарах магадлал 16.25 хувь байна. Тус үзүүлэлт өндөр гарвал ам.долларын эрэлт нэмэгдэж ам.долларын ханш олон улсын валютын зах зээлд чангарна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19