УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлын хүрээнд зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран "Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийг 2018 оны 6 дугаар сард Булган, Дархан-Уул, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулсан билээ.
Орон нутгийн дараагийн өдөрлөгийг Увс аймагт 2018 оны 10 дугаар сарын 24, 25-нд, Баян-Өлгий аймагт 27-ны өдөр, Ховд аймагт 29, 30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тул нутгийн иргэд өргөнөөр оролцохыг урьж байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж