WORLD ECONOMICS: МОНГОЛ УЛСЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС ДӨРВӨН САР ДАРААЛАН БУУРЛАА
Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс аравдугаар сард үргэлжлэн унаж, 56.3 нэгж болсон талаар “World Economics" байгууллага мэдээллээ.
Он гарснаас хойш зургаан сар дараалан өсөөд байсан энэхүү индекс сүүлийн дөрвөн сарын турш унахад бизнесийн итгэл буурсан нь голлон нөлөөлсөн гэж тус байгууллага үзсэн байна. Юанийн ханш энэ онд төгрөгийн эсрэг чангарч, сүүлийн 10 жил гаруйн дээд түвшинд хүрээд байгаа юм. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүнд дарамт болсныг тайландаа онцолсон байна. Өөрөөр хэлбэл бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь энэхүү индекст сөргөөр нөлөөлжээ. БНХАУ-ын эдийн засаг худалдааны маргаанаас үүдэн удааширсан нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байгааг мэдээллээ. Нөгөө талаас Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс 50 нэгжээс дээш буюу өсөлтийн бүсэд хадгалагдаж байгааг онцлов.
Эх сурвалж: BloombergTv.mn