ERD: "АЛТАН НАР", "БАЯНХӨНДИЙ" ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭГ IV УЛИРАЛД ГАРГАНА
Монголын болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани "Баянхөндий" төслийн анхдагч нөөцийн тайланг III улиралд танилцуулахаар төлөвлөж байна. Улмаар IV улиралд “Алтан нар”, “Баянхөндий” төслийн анхан шатны эдийн засгийн үнэлгээг гаргахаар зорьж байгаа талаар санхүүгийн тайландаа дурдлаа. Тус компани эдгээр гол ордууддаа хайгуулаас олборлолтын шат руу шилжихээр бэлтгэж байгаа юм. Оны эхний хагас жилд хайгуулын зардалд 3.1 сая канад доллар зарцуулсан нь жилийн өмнөхөөс 34 хувиар буурсан байна. Харин нэгж хувьцаанд ногдох цэвэр алдагдал 0.01 канад доллар болсон нь 2017 оны мөн үеэс хоёр дахин буурсан талаар санхүүгийн тайландаа дурджээ. “Erdene Resource Development” компани 6-р сард Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн юм. Тухайн үед анхдагч зах зээлийн захиалга даван биелж, 1.36 сая канад долларыг татсанаас гадна 4.12 сая канад долларыг хаалттай хүрээнд татан төвлөрүүлжээ.
Сүүлийн арилжаагаар Торонтогийн Хөрөнгийн биржид нэгж хувьцааны ханш нь 0.36 канад доллар болж, өмнөх өдрийнхөөс 1.39 хувиар өсжээ. Харин Монголын Хөрөнгийн биржид нэгж хувьцааг нь 580 төгрөгөөр арилжаалж байна.
Эх сурвалж: BloombergTv.mn