ГАН ХИЙЦ ХК: 2017 ОНД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН Ч 24.2 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО
"Ган хийц" компани 2018 онд борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, 2.1 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байна. 2017 онд тус компани 240 тонн төмөр хийц эдлэл үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Тус компани энэ онд Налайх дүүрэгт төмөр замын төмөр бетон дэр, өндөр хүчдэлийн тулгуур, сэндвич хавтангийн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү төсөлд нийт 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд эхний ээлжид 11 тэрбум төгрөгөөр үйлдвэрүүдийг барихаар төлөвлөсөн талаар "Ган хийц" компани мэдээллээ. Үйлдвэр нь жилд 3000 ширхэг хүчитгэсэн бетон тулгуур, 300-350 мянган төмөр бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. "Ган хийц" компани үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг шинэчлэх болон хэрэгжүүлж байгаа төслүүддээ шаардлагатай хөрөнгө оруулалтыг хөрөнгийн захаас татах боломжийг судлахаар болжээ. Тус компани 2017 онд алдагдалтай ажилласан ч Төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 100 төгрөг буюу 24.2 сая төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.
Хувьцааны ханшийн тухайд 11 мянга 800 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Эх сурвалж: BloombergTv.mn