МХБ: КАНАДЫН КОМПАНИЙН ҮНЭТ ЦААСЫГ III АНГИЛАЛД БҮРТГЭЛЭЭ
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн 1.2 сая канад долларын үнийн дүн бүхий дөрвөн сая хүртэлх ширхэг үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэсэн байна. Цаашид тэрхүү компанийн Монголын Хөрөнгийн биржид үнэт цаасаа давхар бүртгүүлж, үнэт цаасаа нийтэд санал болгох хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо шалгаж дууссаны дараа олон нийтэд мэдээлнэ гэж Монголын Хөрөнгийн биржээс гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Одоогоор Монголын Хөрөнгийн бирж компанийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа юм. Гэхдээ Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани " Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр төлөвлөж байгаа, II улиралд багтаан үр дүн нь харагдана" гэж өмнө нь мэдээлж байв. Тус компани Монголд Баянхөндий, Алтан арроу, Алтан нар ордуудад хайгуул хийж байгаа бөгөөд "Хайгуулаас олборлолтын шат руу шилжиж байгаа" гэдгийг Гүйцэтгэх захирал Питер Акерли мэдэгдсэн юм. Түүнчлэн гол гурван ил уурхайд нэгдсэн боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Сүүлийн байдлаар Торонтогийн Хөрөнгийн биржид “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш 1.33 хувиар буурч, 0.37 канад доллар болсон байна. Гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш хувьцааны ханш нь ерөнхийдөө буурах хандлагатай байгаа юм.
Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрул “Уул уурхайн компаниудын хувьд хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой газар нь Торонтогийн Хөрөнгийн бирж. Учир нь энд асар их хэмжээний туршлага, мэдлэг, хөрөнгө төвлөрч байдаг. Энэ бүхний нэг тодорхой жишээ нь PDAC-ийн чуулган гэж бодож байна. Гэхдээ Монгол Улс өөрсдийн Хөрөнгийн биржийн боломж бололцоог сайжруулахыг хүсэж байгааг би ойлгож байна. Миний мэдэж байгаагаар ямар ч байсан Канадын нэг компани аль аль Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих хүсэлтэй байгаа. Үүнийг би сайн зүйл гэж харж байгаа” гэж онцоллоо.
Эх сурвалж: BloombergTv.mn