ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.24 - 2022.01.28
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.75% | 3.99% |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.63% | 3.73% |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.13% | 3.08% |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.52% | 0.03% |
5 | DBM’ 2023 | USD | 7.25% | 4.21% |
6 | MGMTGE' 2022 (Өүлэн) | USD | 9.75% | -107.94% |
7 | Mongol 2026 (Номад) | USD | 5.13% | 4.71% |
8 | MGMTGE' 2024 | USD | 8.85% | 11.19% |
9 | MMC' 2024 | USD | 9.25% | 22.08% |
10 | Mongol 2027 | USD | 3.50% | 4.85% |
11 | Mongol 2031 | USD | 4.45% | 5.32% |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Dow Jones (DJIA) индекс 1.34 хувь, S&P 500 индекс 0.77 хувь, Nasdaq Composite индекс 0.01 хувиар тус тус өссөн бол Russel 2000 индекс 0.98 хувь, S&P MidCap 400 индекс 0.62 хувиар тус тус буурсан байна. Russel 2000 индекс индекс 11-р сарын оргил цэгээсээ 20 орчим хувиар буурсан байна. Мөн АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ний өгөөж мөнгөний хурлын дохиогоор өссөн ч АНУ болон Орос улсын хоорондын хурцадмал байдлын улмаас бага зэргийн уналт үзүүллээ.
- АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж бодлогын хүүг хэвээр үлдээлээ. ХНС-гийн дарга Jerome Powell-ийн мэдэгдсэнээр хүүгийн эхний өсөлт 3-р сард болох бөгөөд 2022 онд бодлогын хүүгээ 3 ч илүү удаа өсгөх боломжтой гэдгээ мэдэгджээ.
- ХНС-гийн дарга Jerome Powell эдийн засгийн өсөлт өмнөх үеүдээс илүү хурдацтай байгааг онцлон дурдсан бөгөөд АНУ-ын эдийн засаг сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн хурдацтай хөгжиж байна. 2021 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувиар өссөн нь 1984 оноос хойших хамгийн сайн өсөлт болоод байна. Мөн нээлттэй ажлын байрны тоо түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын хөрөнгийн зах зээл 4 долоо хоног дараалан уналт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1.87 хувь, Францын CAC 40 индекс 1.45 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.37 хувиар тус тус буурсан бол Италийн FTSE MIB индекс болон Германы Xetra DAX индексүүд тус тус 1.83 хувиар буурсан байна. Энэхүү уналтыг бодлогын хүүгийн өсөлттэй холбоотой хүлээлт болон Орос болон баруун орнуудын хурцадмал байдалтай үүдэлтэй хэмээн шинжээчид үзэж байна. Европын бүсийн голлох бондуудын өгөөж инфляц болон мөнгөний бодлогоос болон өсжээ.
- Европын бүсийн Худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 52.4 болсон нь сүүлийн 11 сарын хамгийн бага үзүүлэлт боловч эдийн засгийн идэвхжил өргөжиж байгааг илтгэсэн түвшинд хэвээр байна. Шинжээчид энэхүү бууралтыг коронавирусийн тархалттай холбоотой хязгаарлалтууд нь үйлчилгээний салбарт ихээхэн сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна.
- Нийлүүлэлтийн саад бэрхшээл нь аж үйлдвэрлэлийг бууруулсантай холбоотойгоор Германы улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 4-р улиралд 0.7 хувиар буурсан бол Франц улсын эдийн засаг 2021 оны 4-р улиралд 0.7 хувиар өссөн нь хүлээлтээс давсан боловч 3-р улирлын өсөлт болох 3.1 хувиас бага байна. Испани улсын эдийн засаг мөн хугацаанд 2.0 хувиар өссөн нь хүлээлтээс өндөр байна.
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ
- Японы хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт уналттай байсан бөгөөд Nikkei 225 индекс 2.92 хувь, TOPIX индекс 2.61 хувиар тус тус буурсан байна. Үүнд, өндөр өсөлттэй технологийн компаниуд уналтыг тэргүүлсэн байна. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.13 хувиас 0.17 хувь хүртэл өссөн бол иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 113.68-аас 115.55-д хүрчээ.
- Япон улсын Ковид-19 тохиолдол дээд хэмжээнд хүрсэн бөгөөд Токио болон бусад мужуудад коронавирусийн омикрон хувилбар хурдацтай тархсаар байгаа тул Японы эрх баригчид онц байдлын дэглэмийг илүү олон мужид сунгах шийдвэр гаргасан байна.
- Японы Төв банкны ерөнхийлөгч Haruhiko Kuroda хэлэхдээ “Төв банк хэт сул мөнгөний бодлого баримталж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдийн ашгийг нэмэгдүүлж, улмаар цалин хөлсийг нэмэгдүүлж, хэрэглээний инфляцыг аажмаар хурдасгах болно” гэжээ. Цалингийн өсөлт нь үнийн өсөлтийг үүсгэж өрхийн амьжиргааны зардлыг нэмэгдүүлэх хүндрэл учруулж болзошгүй ч Японд цалингийн өсөлт удаашралтай хэвээр байна. Ерөнхий сайд Fumio Kishida ашиг орлого нь цар тахлын өмнөх түвшинд хүрсэн компаниудад ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхийг уриалав.
БНХАУ-ын ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын ХНС-ын мөнгөний бодлогын хурал болон ХНС-гийн дарга Jerome Powell-н бодлогын хүүгийн мэдэгдлийн дараа БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт уналт үзүүлж, Shanghai Composite индекс 4.6 хувь, CSI 300 индекс 4.5 хувиар тус тус буурсан байна. CSI 300 индекс сүүлийн 16 сарын доод цэгтээ хүрсэн бөгөөд 2021 оны 2-р сарын оргил үеэсээ 20 гаруй хувиар унасан байна.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж өнгөрсөн долоо хоногт 2.736 хувиас 2,728 хувь болж 8 суурь нэгжээр буурсан бол Юанийн ам.доллартой харьцах ханш 6.34-ээс 6.36 болж ам.долларын эсрэг бага зэрэг суларсан байна.
- 2021 онд БНХАУ-ын төсвийн орлого 2020 онтой харьцуулахад 10.7 хувиар өссөн нь эдийн засгийн сэргэлттэй холбоотой ч үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын Evergrande групп ойрын 6 сарын дотор бүтцийн өөрчлөлт хийх талаараа мэдэгдсэн ч бонд эзэмшигчдэд компанийн санхүүгийн болон үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүйд хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19