“SOUTHGOBI RESOURCES”-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 2 ДАХИН ӨСӨЖ, 121 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Торонто, Хонгконгийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Southgobi Resources” компанийн 2017 оны борлуулалтын орлого жилийн дүнгээр бараг хоёр дахин өсөж, 121 сая ам.долларт хүрлээ. 2017 онд нүүрсний ханш 79 хувиар өсөж, нэг тонн нь 28 ам.долларт хүрсэн болон нүүрсний олборлолт нь 19 хувиар нэмэгдсэн нь тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжрахад голчлон нөлөөлсөн байна. Тухайлбал, 2017 онд “Southgobi Resources” компанийн алдагдал 152 хувиар буурч, 40 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн онд тус компани БНХАУ-ын “CIC” компанид 2017 оны 11 дүгээр сарын хөрвөх бондын хүүгийн төлөлттэй холбоотой 21.8 сая ам.долларын төлбөрөө хийгээгүй байна. Өрийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар “CIC” компанитай тохиролцоонд хүрэхээр хичээж байгаагаа тус компани тайландаа тусгажээ. “Southgobi Resources” компани SSCC стандартын өндөр чанартай, коксжих нүүрс үйлдвэрлэж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд нүүрс угаах үйлдвэр амжилттай барьсан байна. Шинэ үйлдвэр энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад орох товтой байгаа аж. 2018 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар “Southgobi Resources” компани 7.1 сая ам.долларын бэлэн мөнгө эзэмшиж байгаа ажээ.
Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 10.8 хувиар унаад байна.
Эх сурвалж: BloombergTv.mn