АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бага зэргийн өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, Dow Jones (DJIA) 0.62 хувь, S&P 500 индекс 0.51 хувь, Nasdaq Composite индекс 0.02 хувь, S&P MidCap 400 индекс 0.80 хувь, Russel 2000 индекс 0.50 хувь тус тус өсөлттэй байлаа. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн тэлэлт тасралтгүй үргэлжлэх тухай өөдрөг үзэлтэй холбогдуулан хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өссөн байна. Үүнд, STOXX Europe 600 индекс 0.31 хувь, Германы Xetra DAX индекс 0.27 хувь, Францын CAC 40 индекс 1.04 хувь, Италийн FTSE MIB индекс 1.01 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.26 хувь тус тус өссөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хөрөнгийн зах зээл Даваа болон Пүрэв гаригт бүх нийтийн амралтын өдөр байсантай холбоотой ажиллаагүй ба долоо хоногийн сүүлээр уналттай байлаа. Nikkei 225 индекс 30,248.81 хүрсэн нь өмнөх долоо хоногийн болон энэ сарын эхээр хүрсэн сүүлийн 31 жилийн дээд түвшнээсээ бага зэрэг доогуур үзүүлэлт болсон юм. Иен ам.доллартой харьцах ханш 110 байсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.055 хувьд дээр хаагдсан байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Даваа, Мягмар гарагуудад бүх нийтийн амралтын өдөр байсантай холбоотой БНХАУ-ын хөрөнгийн зах зээл хаалттай байсан ч Баасан гараг гэхэд тогтвортой хаагдсан байна. Даваа гарагт Evergrande Group-ийг тойрсон өрийн хямралтай холбоотой Хонг Конгын Hang Seng индекс 3.0 хувиас дээш хувиар буурав. Мөн Evergrande-ийн гадаад бонд эзэмшигчид 83.5 сая долларын хүүгийн төлбөрөө АНУ-ын цагаар Пүрэв гарагт хүлээн авах ёстой байсан ч хүлээн аваагүй байна. Тус компани одоогоор 30 хоногийн хөнгөлөлтийн хугацаатай байгаа ба энэ хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол төлбөрийн чадваргүй гэж үзэгдэхээр байна.
|