АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл бодлогын хүүгийн өсөлтийн санаа зовнилоос үүдэн уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 4.58 хувь, S&P 500 индекс 5.68 хувь, Nasdaq Composite индекс 7.55 хувь, Russel 2000 индекс 8.07 хувь, S&P MidCap 400 индекс 6.76 хувиар тус тус буурсан байна. Энэхүү уналт нь цар тахал эхэлснээс хойш их хамгийн том уналт болсон бөгөөд 4-р улирлын санхүүгийн тайлангийн мэдэгдлийн дараа Netflix компанийн хувьцаа 20 хувь унажээ. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын Төв банк (ECB) болон ИБНВУ-ын Төв банк (BoE) бодлогын хүүгээ чангатгаж магадгүй гэсэн хүлээлтийн үүднээс Европын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд уналт үзүүллээ. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 1.40 хувь, Францын CAC 40 индекс 1.04 хувь, Италийн FTSE MIB индекс 1.75 хувь, Германы Xetra DAX индекс 1.76 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.65 хувиар тус тус буурсан байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж нь Украины геополитикийн асуудал болон Европын Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэн бага зэргийн уналт үзүүллээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээлийн өгөөж өнгөрсөн долоо хоногт огцом уналттай байсан бөгөөд Nikkei 225 индекс 2.14 хувь, TOPIX индекс 2.62 хувиар тус тус буурсан байна. Тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдэж, засгийн газар Токио хот болон бусад 12 мужийг онц байдлын горимд шилжүүлсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйд нөлөөлжээ. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.15 хувиас 0.13 хувь хүртэл буурсан бол иений ам.доллартой харьцах ханш чангарч 114.22-аас 113.96 хүрчээ. БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын засгийн газар мөнгөний зөөлөн бодлого баримталж, эдийн засгийн хямралд орсон үл хөдлөх хөрөнгийн салбарт дэмжлэг үзүүлэх дохио өгснөөр БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлт үзүүлж, Shanghai Composite индекс 0.1 хувь, CSI 300 индекс 1.1 хувиар тус тус өсжээ. Мөн БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ өгөөж өнгөрсөн долоо хоногт 2.809 хувиас 2.736 хувь болж буурсан бол Юанийн ам.доллартой харьцах ханш 6.34 болж ам.долларын эсрэг чангарч 2018 оны 5-р сараас хойших хамгийн сайн түвшинд хүрчээ.
|