“ТАЛХ ЧИХЭР” ХК: 2017 ОНД 37.5 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ, 36,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАСАН
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх чихэр” компани 2018 онд тоног, төхөөрөмжөө шинэчилж, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр болсноо мэдээллээ. Тус компани 2017 онд нийт 98 нэр төрлийн 37.5 тонн бүтээгдэхүүн борлуулж, 36.4 тэрбум төгрөгийн орлого олжээ. Орлогын хэмжээ өмнөх оноос 11.8 хувиар өссөн дүнтэй байна. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Талх чихэр” компани 2017 онд Итали улсын “CEPI” компанийн 500 тонн гурил вакум орчинд хадгалах, дамжуулах систем, мөн Чех улсын талхны иж бүрэн системийг тус тус ашиглалтад оруулсан байна. Тус компани 2017 оны ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаандаа 170 төгрөг буюу нийт 174.03 сая төгрөг хуваарилахаар болжээ. Энэ нь цэвэр ашгийн 15.4 хувьтай тэнцэж байгаа юм. “Талх чихэр” компани олон нийтэд нээлттэй болсон цагаас хойш нийт 19 удаа ногдол ашгаа тарааж байгаа аж.
Тус компанийн хувьцааны ханш он гарахаас өмнө 32 мянган төгрөг дөхөж дээд цэгтээ хүрээд байсан бол сүүлийн байдлаар 23 мянган төгрөг болж буурчээ.
Эх сурвалж: BloombergTv.mn