ЗЭС: ЭКСПОРТЫН ОРЛОГООР ТЭРГҮҮЛЭГЧИЙН БАЙР СУУРИА БАТАТГАВ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс оны эхний хоёр сарын байдлаар 838.4 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 726 сая долларын бараа импортоор худалдан авсан байна. Ийнхүү гадаад худалдааны бараа эргэлт эхний хоёр сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 248.1 сая доллараар буюу 18.9%-иар дээшиллээ. Гэхдээ экспортын хэмжээ өмнөх оныхоос ердөө 1.6%-иар өссөн бөгөөд уг өсөлтөд алтны экспорт 41.4 сая доллараар өссөн нь нөлөөлжээ. Харин импортын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 47.9%-иар буюу 235 сая доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүн, тэр дундаа дизель түлш, мөн машин механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, төмөрлөг зүйлс, тээврийн хэрэгсэл, сэлбэг зэргийн импорт бүгд өссөн нь нөлөөлжээ. Манай улсын гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сард ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 67.4%-иар буурч 112.4 сая долларын ашигтайгаар тэмдэглэгдлээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт оны эхний хоёр сард 690.6 сая долларт хүрч, нийт экспортын 82.4 орчим хувийг эзэллээ. Энэ дундаа нүүрсний экспорт мөнгөн дүнгээр 245.4 сая долларт хүрсэн нь эрдсийн экспортын 35.5%, нийт экспортын 29.3%-ийг бүрдүүлсэн байна. Хоёрдугаар сарын нүүрсний экспортыг дангаар нь авч үзвэл 1.25 сая тонн болж өмнөх нэгдүгээр сарынхаасаа 742.8 мянган тонноор багаслаа. Үүнд боомтын нэвтрэлт удааширсан нь нөлөөлсөн ч манай улсын нүүрсний экспорт Хятадын Цагаан сарын баяраар багасдагийг бас дурдах нь зүйтэй.
Эхний хоёр сарын дүнгээрээ нүүрсний экспортын хэмжээ мөн л доогуур байна. Жингээр 3.25 орчим сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 33.2%-иар, мөнгөн дүн 245.4 сая доллар байгаа нь 25%-иар тус тус бууралттай байгааг илтгэнэ.
Зэсийн баяжмалын экспортын борлуулалт мөн хугацаанд 205.1 мянган тонн буюу 274.6 сая доллараар илэрхийлэгдлээ. Энэ нь жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхээс 14.7%-иар доошилсон ч үнийн дүнгээр 11.5%-иар ахисан үзүүлэлт боллоо. Зэсийн хувьд өнгөрсөн онд экспортын орлогын дүнгээр нүүрсний ард орж байсан бол ийнхүү хоёрдугаар сараас эхлэн тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн олж аваад байна. Харин цэвэр зэсийн экспорт багассан дүнтэй гарлаа. Эхний хоёр сарын дүнгээр цэвэр зэсийн борлуулалт жингээр 2.3 мянган тонн, үнийн дүнгээр 15.8 сая доллартай тэнцсэн нь биет үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 20.5%, орлогоор 3.7%-иар доошилсон дүнтэй гарлаа.
Алтны хувьд эхний хоёр сард экспортын орлогоор гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Мөн хугацаанд манай улс 1.7 тонн алт экспортолж 72.2 сая орчим доллар олсон нь өмнөх оны мөн үетэй жишихэд биет жингээр 2.2 дахин, үнийн дүнгээр 2.3 дахин дээшилсэн байна.
Түүхий газрын тосны экспорт мөн хугацаанд 1 сая 9.9 мянган баррельд хүрч, 62.6 сая доллартай тэнцсэн нь жингийн тухайд 10.3%-иар буурсан ч үнийн дүнгээр 6.9%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа.
Төмрийн хүдрийн экспортын дүн эхний хоёр сарын байдлаар жингийн хувьд нэлээд өссөн ч орлогын үзүүлэлт бууралттай гарлаа. Оны эхний хоёр сарын байдлаар манай улс 932.4 мянган тонн хүдэр экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 30.7%-иар өссөн ч орлогын дүн нь харин 11.9%-иар багасч 39.6 сая доллартай тэнцэв.
Цайрын хүдэр, баяжмалын экспортын өсөлт харин сайн үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд цайрын баяжмалын борлуулалт жингээр 21.1 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 13.1%-иар нэмэгдэж, улмаар орлогын дүн нь даруй 37.9%-иар өсч 37.2 сая орчим долларт хүрлээ.
Жоншны хүдэр, баяжмалын экспортын тухайд ч мөн адил өндөр өсөлт тохиогоод байна. Жоншны экспортын борлуулалт жингээр мөн хугацаанд 49.5 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 48.7%-иар өссөн бол орлого нь хоёр дахин буюу 103.6%-иар нэмэгдэж 15.7 орчим сая доллартай тэнцлээ.
Хар тугалгын хүдэр, баяжмалын экспорт оны эхний хоёр сарын байдлаар 2.48 орчим мянган тоннд хүрч 6.6 сая долларын үнийн дүнгээр илэрхийлэгдэж буй нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 14.9%, үнийн дүнгээр 7.2%-иар буурсан үзүүлэлт боллоо.
Молибденийн баяжмалын экспортын биет хэмжээ 0.9 мянган тоннд хүрсэн нь 19.2%-ийн бууралттай үзүүлэлт ч гэлээ орлогын дүн нь 7.1%-иар өсч 6.08 сая долларт хүрсэн байна.
Ийнхүү зэс, газрын тос, цайр, жонш, молибдени, гянтболдын хувьд экспортын орлогын үзүүлэлт нь нэлээд өсөлттэй гарлаа. Үүнд зах зээлийн таатай нөхцөл нөлөөлж буй нь дамжиггүй. Хэдий тийм ч эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт өмнөх оны мөн үеийнхээс 37.2 сая доллар буюу 5.1%-иар буурсан дүнтэй гарлаа. Үүнд нүүрсний экспорт эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үеийн дүнгээс 25%-иар буюу 82 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлөв. Өөрөөр хэлбэл эрдсийн экспорт дийлэнх төрөлдөө орлогын дүнгээр өссөн хэдий ч уг өсөлтийн эерэг нөлөө нь нүүрсний экспортын танагдалтын улмаас зөвхөн бууралтыг нөхөх байдлаар л мэдрэгдэж байна.
Эх сурвалж: MongolianMiningJournal.com